A

A

A

Бүлэг: 1979

Харилцаа холбооны зохицуулах хорооны

2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн

64 дүгээр тогтоолын хавсралт

 

ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ЖУРАМ

НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ

Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журмын зорилго нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.5-д заасан өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний тусгай зөвшөөрлийг нээлттэйгээр сонгон шалгаруулж олгох, зохион байгуулах, түүний хэрэгжилтийг хангахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.

1.2.Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох нээлттэй сонгон шалгаруулалт нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, Харилцаа холбооны тухай хууль, Радио долгионы тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль болон бусад хууль тогтоомж, Телевиз, радиогийн зохицуулалтын талаар баримтлах чиглэл болон энэ журамд нийцсэн байна.

1.3.Харилцаа холбооны зохицуулах хороо (цаашид “Зохицуулах хороо” гэх) тусгай зөвшөөрөл шинээр олгох нээлттэй сонгон шалгаруулалтыг Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-д заасан зарчмуудыг баримтлан шударга, ил тод, нээлттэй өрсөлдөх, тэгш боломжоор ханган үр ашигтай, хариуцлагатайгаар зохион байгуулна.

ХОЁРДУГААР ЗҮЙЛ

Тусгай зөвшөөрлийн төрөл, хамрах хүрээ

2.1.Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6-д зааснаас бусад өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний төрөлд өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл /цаашид “тусгай зөвшөөрөл” гэх/-ийг Зохицуулах хороо нээлттэй сонгон шалгаруулалтаар олгоно.

2.2.Тусгай зөвшөөрлийн төрөл бүр харилцан адилгүй техникийн болон хөтөлбөр, хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах чиглэлээр тавигдах тусдаа нөхцөл, шаардлагатай байх бөгөөд нээлттэй сонгон шалгаруулалтад оролцогч нь тухайн тусгай зөвшөөрөлд хамаарах нөхцөл, шаардлагад заасан нөхцөлийн дагуу нээлттэй сонгон шалгаруулалтын саналыг төлөвлөнө.

2.3.Зохицуулах хороо нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 7.4.6-д заасан этгээдэд тусгай зөвшөөрөл олгохгүй бөгөөд нээлттэй сонгон шалгаруулалтад оролцогч этгээдийн эзэмшлийн эрх зүйн байдлыг нягтлан үзэх шаардлагатай тохиолдолд Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас албан ёсны лавлагаа, тодорхойлолт гаргуулж авна.

2.4. Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 3.1-д заасны дагуу олон нийтийн радио, телевизийн үйлчилгээний тусгай зөвшөөрлийг олгох харилцаа нь энэ журамд хамаарахгүй.

ГУРАВДУГААР ЗҮЙЛ

Нээлттэй сонгон шалгаруулалтын зохион байгуулалт

3.1.Нээлттэй сонгон шалгаруулалтын бэлтгэл хангах.

3.1.1.Зохицуулах хороо нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3-т заасан дүгнэлт, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний зах зээлийн багтаамж, хүн амын тоо, нягтрал, тусгай зөвшөөрлийн үйлчилгээний эрэлт хэрэгцээ, өргөн нэвтрүүлгийн талаар төрөөс баримтлах бодлого, бодлогын чиглэл, тухайн хамрах хүрээнд дамжуулах радио давтамж зурвасын нөөц, өрсөлдөөний нөхцөл байдал, зах зээлд дахин тоглогч оруулах шаардлагатай эсэх зэрэгт үнэлэлт, дүгнэлт хийсэн судалгаанд үндэслэн нээлттэй сонгон шалгаруулалт явуулах шаардлагатай тусгай зөвшөөрлийн төрөл, тоо (квот)-г хамрах хүрээ тус бүрээр нь тухайн жилийн 4 дүгээр (дөрөвдүгээр) улиралд багтаан нээлттэй сонгон шалгаруулалт зохион байгуулах хуваарь, эрхийн төлбөрийг баталж, нийтэд ил тод зарлана.

3.1.2.Өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн үйлчилгээний тусгай зөвшөөрлийн нээлттэй сонгон шалгаруулалтын судалгааг хийхдээ радио, телевизийн газрын сүлжээ, Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн тухайн хамрах хүрээнд дамжуулах техникийн боломж, сувгийн багтаамжийг үндэслэнэ.

3.1.3.Энэ журмын 3.1.1-т заасан судалгааг Зохицуулах хорооны ажлын албаны холбогдох мэргэжилтнүүд гүйцэтгэх бөгөөд шаардлагатай тохиолдолд зөвлөх үйлчилгээ авч ажиллуулж болно.

3.1.4.Нээлттэй сонгон шалгаруулалтын үнэлгээний ажлын хэсэг /цаашид “үнэлгээний ажлын хэсэг” гэх/ нь сондгой тооны бүрэлдэхүүнтэй, байнгын бус ажиллагаатай байх бөгөөд түүнийг томилох, өөрчлөх, чөлөөлөх харилцааг Зохицуулах хорооны Даргын тушаалаар шийдвэрлэнэ.

3.1.5.Үнэлгээний ажлын хэсгийн гишүүдийг томилохдоо ашиг сонирхлын зөрчил гаргахгүй байх, гаргасан тохиолдолд түүнийг өөрчлөх, гишүүдтэй нууцын гэрээ байгуулах, үнэлгээ хийх зарчим, үнэлгээний шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлж, түүний аргачлал, хурлын дэгийг тогтоох зэрэг асуудлыг “Сонгон шалгаруулалтын жишиг баримт бичиг”-т зайлшгүй тусгана.

3.1.6.Үнэлгээний ажлын хэсэг нь нээлттэй сонгон шалгаруулалтын урилга нийтлэгдэхээс өмнө “Сонгон шалгаруулалтын жишиг баримт бичиг”-г   боловсруулж Зохицуулах хорооны Даргын тушаалаар батлуулах үүрэгтэй.

3.1.7.“Сонгон шалгаруулалтын жишиг баримт бичиг”-ийн төлбөрийг нээлттэй сонгон шалгаруулалт зохион байгуулах үйл ажиллагааны бодит зардлыг үндэслэ тогтоож сонирхсон этгээдэд уг үнээр саадгүй худалдана.

3.2.Нээлттэй сонгон шалгаруулалтын урилга.

3.2.1.Энэ журмын 3.1.1-т заасан хуваарийн дагуу нээлттэй сонгон шалгаруулалтыг зохион байгуулахаас 30-аас доошгүй хоногийн өмнө Зохицуулах хороо нь нээлттэй сонгон шалгаруулалтын урилгыг үндэсний хэмжээний өдөр тутмын сонин болон өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан нийтэд зарлан мэдээлнэ.

3.2.2.Нээлттэй сонгон шалгаруулалтын урилгад дараах мэдээллийг тусгасан байна.

 

3.2.2.а.Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний төрөл, хамрах хүрээ, тусгай зөвшөөрлийн хугацаа;

3.2.2.б.Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний нөхцөл, шаардлага;

3.2.2.в.Сонгон шалгаруулалтын саналыг ирүүлэх хаяг, холбогдох          утасны дугаар;

3.2.2.г.Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг хүлээн авах   эцсийн хугацаа;

3.2.2.д.Сонгон шалгаруулалтад оролцохоор ирүүлсэн саналыг нээх      хугацаа, газар;

3.2.2.е.Сонгон шалгаруулалтын багц мэдээллийг авах газрын хаяг,       сонгон шалгаруулалтын жишиг бичиг баримтын төлбөр, банкны           нэр, дансны дугаар.

3.3.Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцох санал, түүнд тавигдах шаардлага.

3.3.1.Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцогч хуулийн этгээд нь      нээлттэй сонгон шалгаруулалтын саналыг Аж ахуйн үйл ажиллагааны        тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11.1, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 8.1, 9.1, Харилцаа холбооны тухай хуулийн 13.2, Радио            долгионы тухай хуулийн 10.1 дэх заалтуудын хүрээнд эрхлэх тусгай             зөвшөөрлийн төрлийн холбогдох нөхцөл, шаардлагад заасан бусад     материалыг бүрдүүлнэ.

3.3.2.Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцогч нь энэ журмын 3.3.1-д зааснаас гадна Зохицуулах хорооноос баталсан өргөн нэвтрүүлгийн         үйлчилгээтэй холбоотой             зохицуулалтын баримт бичигт тусгагдсан       нөхцөл, шаардлагыг хангасан байна.

3.3.3.Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцох тухай санал гаргагч нь Зохицуулах             хорооноос баталсан эрхийн төлбөрийг төлсөн баримтыг   сонгон шалгаруулалтад оролцох саналын хамт ирүүлнэ.

3.3.4.Тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан оролцогчид тус журмын   3.3.3-т заасан эрхийн төлбөрийг буцаан олгоно.

3.4.Нээлттэй сонгон шалгаруулалтын саналыг нээх

3.4.1.Үнэлгээний ажлын хэсэг нээлттэй сонгон шалгаруулалтын урилгад заасан газарт, дурдсан хугацаанд сонгон шалгаруулалт хүлээн авах эцсийн хугацаанаас хойш 1 (нэг) цагийн дотор сонгон шалгаруулалтын саналыг нээх бөгөөд сонгон шалгаруулалтад оролцогч, эсхүл түүний төлөөлөгч оролцох эрхтэй байна.

3.4.2.Нээлттэй сонгон шалгаруулалтын санал нь энэ журмын 3.2.2.4-т заасан хугацаанаас хожимдож ирсэн бол тухайн саналыг нээхгүй тэмдэглэл үйлдэж, буцаана.

3.5.Нээлттэй сонгон шалгаруулалтын саналыг үнэлэх

3.5.1.Нээлттэй сонгон шалгаруулалтын санал нь энэ журмын 3.3.1, 3.3.2, 3.3.3-т заасан бичиг баримтын иж бүрдлийг бүрэн хангасан байх шаардлагатай бөгөөд үнэлгээ хийх явцад шаардлага хангаагүй гэж тогтоогдсон саналыг үргэлжлүүлэн үнэлгээ хийхээс татгалзаж, тэмдэглэл үйлдэх бөгөөд татгалзсан саналыг сонгон шалгаруулалтад оролцогч хуулийн этгээдэд буцаан олгохгүй.

3.5.2.Үнэлгээний ажлын хэсэг нь нээлттэй сонгон шалгаруулалтад оролцогчдоос ирүүлсэн саналыг нээснээс хойш ажлын 10 (арван) өдөрт багтаан үнэлж, үнэлгээний ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэл үйлдэн нээлттэй сонгон шалгаруулалтын дүгнэлт гарган Зохицуулах хорооны хуралд танилцуулна.

3.5.3.Нээлттэй сонгон шалгаруулалтын үнэлгээний дүгнэлтэд үнэлгээний ажлын хэсгийн бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд эсрэг саналтай байсан гишүүн үнэлгээний дүгнэлтэд энэ тухайгаа тэмдэглүүлж гарын үсгээ зурна.

 

3.6.Нээлттэй сонгон шалгаруулалтыг баталгаажуулах

3.6.1.Зохицуулах хороо нь үнэлгээний ажлын хэсгийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 (гурван) өдөрт багтаан тусгай зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэж нээлттэй сонгон шалгаруулалтын дүнг баталгаажуулна.

3.6.2.Нээлттэй сонгон шалгаруулалтын саналыг нээснээс хойш баталгаажуулах хүртэлх ажиллагааг ажлын 14 (арван дөрөв) хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд нээлттэй сонгон шалгаруулалт хүчинтэй байна.

3.7.Нээлттэй сонгон шалгаруулалтад шалгарсан хуулийн этгээдтэй гэрээ байгуулах, цаашид тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах, нэмэлт өөрчлөлт оруулах, түүнийг түдгэлзүүлэх болон хүчингүй болгох зэрэг бусад харилцааг Зохицуулах хорооны баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-аар зохицуулна.

 3.8.Дараах тохиолдолд нээлттэй сонгон шалгаруулалтаас бүхэлд нь татгалзаж хүчингүйд тооцно.

3.8.1.шаардлагад нийцсэн нэг ч санал ирээгүй;

3.8.2.Сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох тухай шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болсон.

3.8.3.Сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон тохиолдолд дахин сонгон шалгаруулалт зохион байгуулах эсэхийг Хорооны хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ.

ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ

Гомдол, маргаан шийдвэрлэх

4.1.Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцогч нь сонгон шалгаруулалтын явцад тухайн хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашиг хөндөгдсөн гэж үзвэл Зохицуулах хороонд гомдол гаргаж болох бөгөөд гомдолд тухайн зөрчлийг нотлох баримтыг хавсаргана.

4.2.Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцогч нь Зохицуулах хорооны шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.

ТАВДУГААР ЗҮЙЛ

Бусад зүйл

5.1.Зохицуулах хороо нь энэ журамд заасан хууль тогтоомж, бодлогын чиглэл болон өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний журам, нөхцөл, шаардлага, бусад баримт бичигтэй нийцүүлсэн нэмэлт, өөрчлөлтийг тухай бүр хийнэ.

 

 

~~~~~o0o~~~~~~