A

A

A

Бүлэг: 1979

Монгол Улсын Ерөнхий аудиторын

2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн

А/81 дугаар тушаалын хавсралт

САНХҮҮГИЙН ТАЙЛАНД АУДИТ ХИЙХ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН АЖЛЫН

ГҮЙЦЭТГЭЛИЙГ ХЯНАХ, ҮНЭЛЭХ, БАТАЛГААЖУУЛАХ ЖУРАМ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

Нэг. Журмын зорилго, хамрах хүрээ

1.1.Төрийн аудитын байгууллага Төрийн аудитын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д заасны дагуу шалгагдагч этгээдийн санхүүгийн тайланд аудит хийх чиг үүргийг гүйцэтгэсэн аудитын хуулийн этгээд (цаашид “гүйцэтгэгч” гэх)-ийн ажлын гүйцэтгэлийг хянах, үнэлэх, баталгаажуулахад энэхүү журмыг дагаж мөрдөнө.

1.2.Энэхүү журам нь Төрийн аудитын тухай хууль, Төсвийн тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Аудитын тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, тэдгээрт нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

1.3.Энэхүү журам нь “Санхүүгийн тайланд аудит хийсэн аудитын хуулийн этгээдийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх заавар, аргачлал” бүхий хавсралт, маягтаас бүрдэнэ.

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

АУДИТЫН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙГ ХЯНАХ

Хоёр. Аудитын ажлын гүйцэтгэлийг хянах

2.1.Үндэсний аудитын газар болон Аймаг, нийслэл дэх Төрийн аудитын газар нь гүйцэтгэгчийн хийсэн аудитын ажлын гүйцэтгэлийн хяналтыг холбогдох эрх зүйн актын дагуу хэрэгжүүлнэ.

2.2.Гүйцэтгэгч нь гэрээний үндсэн дээр хийсэн санхүүгийн тайлангийн аудитын үе шатны ажлын үйл явцыг аудитор болон түүнээс дээш албан тушаалтанд хариуцуулан, төрийн аудитын байгууллагад хянуулна.

2.3.Аудитын ажлын гүйцэтгэлийн чанарын хяналтыг Төрийн аудитын байгууллагын аудитор, ахлах аудитор, аудитын менежер, тэргүүлэх аудитор гүйцэтгэнэ.

2.4.Гүйцэтгэгч нь аудитын ажлын гүйцэтгэлд хяналт тавих нөхцөл, бололцоог дараах байдлаар хангасан байна. Үүнд:

2.4.1.цахимаар хяналт тавих;

2.4.2.шаардлагатай тохиолдолд талбарт очиж энэхүү журмын 2.5-т заасан аудитын тухайн үе шатны ажлын чанар, горимыг хэрэгжүүлж буй байдалд хяналт тавих.

2.5.Төрийн аудитын байгууллага нь гүйцэтгэгчийн хийсэн аудитын ажлын гүйцэтгэлийн хяналтыг дараах 4 үе шатанд хэрэгжүүлнэ. Үүнд:

2.5.1.аудитыг төлөвлөх үе шатны хяналт;

2.5.2.аудитыг гүйцэтгэх үе шатны хяналт;

2.5.3.аудитыг тайлагнах үе шатны хяналт;

2.5.4.аудитын тайлагналын дараах үе шатны хяналт.

2.6.Аудитын ажлын гүйцэтгэлийн хяналтыг аудитын ажил бүрээр хэрэгжүүлнэ.

2.7.Аудитыг төлөвлөх үе шатны хяналтыг дараах асуудалд чиглүүлнэ.

2. 7.1.аудитын урьдчилсан судалгаа, дүн шинжилгээ хийсэн эсэх;

2.7.2.эрсдэлийг тодорхойлох, үнэлэх, хэрэгжүүлэх горим сорилыг оновчтой сонгосон эсэх;

2.7.3.материаллаг байдлын түвшинг Аудитын олон улсын стандартын дагуу тогтоосон эсэх;

2.7.4.аудитын төлөвлөгөө, хөтөлбөрийг Монгол Улсын Ерөнхий аудиторын тушаалаар баталсан санхүүгийн тайланд аудит хийх журмын дагуу боловсруулсан эсэх;

2.7.5.аудитын төлөвлөх үе шатны ажилбарыг бүрэн гүйцэтгэсэн эсэх.

2.8.Аудитыг гүйцэтгэх үе шатны хяналтыг дараах асуудалд чиглүүлнэ.

2.8.1.аудитыг гүйцэтгэхдээ аудитын төлөвлөгөө, хөтөлбөрт тусгасан болон шинээр нэмж тодорхойлсон горим сорилыг бүрэн хэрэгжүүлсэн эсэх;

2.8.2.аудитыг гүйцэтгэх үе шатанд материаллаг байдлын түвшинг дахин тооцоолж, хянасан эсэх;

2.8.3.аудитаар илрүүлсэн алдаа зөрчлийн асуудлын бүртгэл, төлбөрийн акт, албан шаардлагыг үйлчлүүлэгч байгууллагад танилцуулж баталгаажуулсан эсэх;

2.8.4.асуудлын бүртгэлд үйлчлүүлэгчээс ирүүлсэн саналыг үнэлсэн эсэх;

2.8.5.аудитын гүйцэтгэх үе шатны ажилбарыг бүрэн гүйцэтгэсэн эсэх.

2.9.Аудитыг тайлагнах үе шатны хяналтыг дараах асуудалд чиглүүлнэ.

2.9.1.аудитын тайланг батлагдсан загварын дагуу бэлтгэсэн эсэх;

2.9.2.аудитаар илрүүлсэн асуудлын бүртгэлээр хүлээн зөвшөөрүүлсэн алдаа зөрчил, анхаарал татах асуудал, дараагийн аудитаар авч үзэх асуудал зэргийг аудитын тайланд бүрэн тусгасан эсэх;

2.9.3.менежментийн захидалд тусгагдсан зөвлөмж нь бодлогын шинж чанартай, оновчтой, ойлгомжтой, хэрэгжихүйц, үнэлэх боломжтой эсэх;

2.9.4.аудитын дүгнэлтийг аудитын олон улсын стандартын дагуу гаргасан эсэх;

2.9.5.аудитын хураангуй тайлан, зөрчлийн нэгтгэл, холбогдох судалгааг баталсан загвар, маягтын дагуу үнэн зөв, иж бүрэн гаргасан эсэх;

2.9.6.аудитын тайланг хэвлэлтэд бэлтгэж, цахимаар хүлээлгэж өгсөн эсэх.

2.10.Аудитын тайлагналын дараах үе шатны хяналтыг дараах асуудалд чиглүүлнэ.

2.10.1.статистик мэдээг батлагдсан маягтаар иж бүрэн гаргаж нэгтгүүлсэн эсэх;

2.10.2.төлбөрийн акт, албан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг үнэлж, нотлох баримтын хамт ирүүлсэн эсэх;

2.10.3.гүйцэтгэгч нь аудитын ажлын баримт, нотлох зүйлсийн архивын нэгжийг цахим хэлбэрээр ирүүлсэн эсэх.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

АУДИТЫН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙГ ҮНЭЛЭХ

Гурав. Аудитын ажлын гүйцэтгэлийг үнэлэх

3.1.Гүйцэтгэгчийн хийсэн санхүүгийн тайлангийн аудитын ажлын гүйцэтгэлийг үнэлэхдээ энэ журмын хавсралт “Санхүүгийн тайланд аудит хийсэн аудитын хуулийн этгээдийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх заавар, аргачлал”-ыг мөрдөх бөгөөд дараах үндсэн үзүүлэлтийг харгалзана. Үүнд:

3.1.1.Аудитыг төлөвлөх үе шатны ажлын гүйцэтгэлд өгөх үнэлгээ:

3.1.1.1.аудитыг төлөвлөх үе шатны ажлыг гүйцэтгэх хугацааг баримталсан байдал;

3.1.1.2.журмын 2.7-д заасан ажлын гүйцэтгэлийн үнэлгээ.

3.1.2.Аудитыг гүйцэтгэх үе шатны ажлын гүйцэтгэлд өгөх үнэлгээ:

3.1.3.аудитаар илрүүлсэн алдаа, зөрчлийн дүн, шинж чанар, ач холбогдол;

3.1.3.1.аудитаар илрүүлсэн зөрчлийн шийдэлд өгөх үнэлгээ;

3.1.3.2.аудитыг гүйцэтгэх үе шатны ажлыг гүйцэтгэх хугацааг баримталсан байдал.

3.1.4.Аудитыг тайлагнах үе шатны ажлын гүйцэтгэлд өгөх үнэлгээ:

3.1.4.1аудитын дүгнэлтийн хэлбэрийг зөв сонгосон эсэх;

3.1.4.2.аудит хийсэн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлийн тайланг үнэн зөв баталгаажуулсан эсэх;

3.1.4.3.аудитын тайлангийн тоо дүн, утга найруулга, хэлбэржүүлэлт;

3.1.4.4.аудитыг тайлагнах үе шатны ажлыг гүйцэтгэх хугацааг баримталсан байдал;

3.1.4.5.аудитын тайлангийн хэвлэлийн эх бэлтгэсэн байдал;

3.1.4.6.аудитыг тайлагнах үе шатны ажлын баримтыг иж бүрэн хүлээлгэн өгсөн эсэх.

3.1.5.Аудитын тайлагналын дараах үе шатны ажлын гүйцэтгэлд өгөх үнэлгээ:

3.1.5.1статистик мэдээг холбогдох эрх зүйн актын дагуу бэлтгэж, нэгтгүүлсэн байдал;

3.1.5.2.төлбөрийн актын барагдуулалт;

3.1.5.3.албан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг нотлох баримтад үндэслэн, үнэлсэн байдал;

3.1.5.4.аудитын үе шатны ажлын баримтыг аудитын программ хангамжид иж бүрэн оруулсан байдал.

3.2.Гүйцэтгэгчийн аудитыг хянан удирдах ажилтнууд аудитын ажлын гүйцэтгэл, үр дүнд үе шатны хяналтыг бүрэн хэрэгжүүлсэн эсэхийг үнэлгээнд хамруулна.

3.3.Аудитын ажлын гүйцэтгэлийг үе шат бүрд дараах оноогоор үнэлж, тухайн гүйцэтгэгчийн дундаж үнэлгээг гаргана.

Аудитыг төлөвлөх үе шатны ажлын гүйцэтгэл           30 хувь;

Аудитыг гүйцэтгэх үе шатны ажлын гүйцэтгэл           30 хувь;

Аудитыг тайлагнах үе шатны ажлын гүйцэтгэл          30 хувь;

Аудитын тайлагналын дараах үе шатны ажлын гүйцэтгэл 10 хувь.

3.4.Аудитын ажлын гүйцэтгэлийн үнэлгээг Үндэсний аудитын газарт Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч, Аймаг нийслэл дэх төрийн аудитын газарт Тэргүүлэх аудитор баталгаажуулж, гүйцэтгэгчид танилцуулна.

3.5.Аудитын үе шатны ажлын гүйцэтгэлд аудитор, ахлах аудитор, аудитын менежерийн үнэлсэн үнэлгээг гүйцэтгэгч эс зөвшөөрвөл Тэргүүлэх аудиторт, Тэргүүлэх аудиторын үнэлгээг эс зөвшөөрвөл Монгол Улсын Ерөнхий аудиторт хандаж, эцэслэн шийдвэрлүүлнэ.

3.6.Энэ журмын 3.4-т заасан үнэлгээний нэгтгэлээр 85 ба түүнээс дээш үнэлэгдсэн гүйцэтгэгчтэй гэрээг сунгаж болно.

3.7.Аудитын үе шатны ажлын баримтыг аудитын программ хангамжид оруулж, дараагийн аудитад ашиглах боломжийг бүрдүүлнэ.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

АУДИТЫН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙГ БАТАЛГААЖУУЛАХ

Дөрөв. Аудитын ажлын чанарыг баталгаажуулах

4.1.Үндэсний аудитын газрын Чанарын баталгаажуулалтын асуудал хариуцсан нэгжээс аудитын хуулийн этгээдийн аудитын ажил, чанарын хяналт хэрэгжүүлсэн байдалд жил бүр чанарын баталгаажуулалт хийнэ.

4.2.Аудитын ажлын чанарын баталгаажуулалтад хамрагдах гүйцэтгэгч болон хийгдсэн аудитын ажлыг эрсдэлд суурилсан түүврийн аргаар сонгож Монгол Улсын Ерөнхий аудиторын баталсан төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлнэ.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

БУСАД ЗААЛТ

Тав. Талуудын оролцоо

5.1.Төрийн аудитын байгууллагаас Монгол Улсын Ерөнхий аудиторын тушаалаар баталсан санхүүгийн тайланд аудит хийх журам, заавар, холбогдох бусад арга зүйгээр гүйцэтгэгчийг хангана.

5.2.Төрийн аудитын байгууллага тухайн жилийн санхүүгийн тайлангийн аудитад баримтлах бодлого, чиглэлийн дагуу төлөвлөгөөт сургалтуудад гүйцэтгэгчийг хамруулна.

5.3.Гүйцэтгэгч нь аудитыг холбогдох стандарт болон эрх зүйн актын дагуу гүйцэтгэнэ.

5.4.Гүйцэтгэгч аудитын ажлын гүйцэтгэлийг хянах, үнэлэх, баталгаажуулахтай холбоотой баримт мэдээллийг Төрийн аудитын байгууллагаас шаардсан тухай бүрд нь гаргаж өгөх үүрэгтэй.

5.5.Аудитын хуулийн этгээд гэрээгээр гүйцэтгэсэн санхүүгийн тайлангийн аудитын ажлын гүйцэтгэлийн үнэлгээтэй холбоотой асуудлаар Төрийн аудитын байгууллагаас тайлбар, тодруулга авч болно.

Зургаа. Хариуцлага

6.1.Төрийн аудитын байгууллагаас аудитын үе шатны хяналтаар илэрсэн алдаа зөрчлийг гүйцэтгэгчид даруй мэдэгдэж, холбогдох нотлох баримт, материал, тооцоололд үндэслэн удаа дараа засвар хийлгэсэн тохиолдолд гүйцэтгэгчийн ажлын үнэлгээг бууруулна.

6.2.Гүйцэтгэгч нь аудитын ажлыг чанаргүй гүйцэтгэж, хангалтгүй үнэлгээ авсан бол гэрээг сунгахгүй ба аудит хийгдэж дууссаны дараа тухайн аудитын хамрах хугацаанд шинээр материаллаг дүнтэй зөрчил илэрсэн тохиолдолд Төрийн аудитын байгууллагаас 3 жил хамтран ажиллахгүй.

6.3.Гүйцэтгэгч нь ёс зүйн зөрчил гаргасан, хараат бус байдлыг хангаж ажиллаагүй, төрийн болон хувь хүн, байгууллагын нууцыг задруулсан нь тогтоогдсон тохиолдолд төрийн аудитын байгууллагаас 5 жилийн хугацаанд хамтран ажиллахгүй бөгөөд тухайн асуудлыг шийдвэрлүүлэхээр эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүсэлт гаргана.

6.4.Гүйцэтгэгчийн ажлын гүйцэтгэлийг журмын дагуу хянаагүй, үндэслэлгүйгээр буруу үнэлсэн болон шаардлага хангаагүй аудитын тайлан, дүгнэлт, ажлын баримтыг хүлээн авсан нь тогтоогдвол холбогдох албан тушаалтанд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.