- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
Засгийн газрын 2020 оны 189 дүгээр
тогтоолын 2 дугаар хавсралт
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ
ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмын зорилго нь Гамшгаас хамгаалах тухай хуулийн 22.2-т заасан Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл (цаашид “Үндэсний зөвлөл” гэх)-ийн удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаа, эрх, үүргийг тогтооход оршино.
1.2. Үндэсний зөвлөл нь орон тооны бус бөгөөд үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж болон энэ журмыг мөрдлөг болгож, шийдвэр гаргахдаа хамтын удирдлагын зарчмыг баримтална.
Хоёр. Удирдлага, зохион байгуулалт
2.1. Үндэсний зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд тэргүүлж, онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн зөвлөлийн орлогч дарга байна. Үндэсний зөвлөлийн даргын эзгүйд орлогч дарга түүний үүргийг хэрэгжүүлнэ.
2.2. Үндэсний зөвлөл орон тооны бус Ажлын албатай байна. Үндэсний зөвлөлийн ажлын албыг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга удирдаж, ажлын албаны өдөр тутмын үйл ажиллагааг тус байгууллагын гамшгийн эрсдэлийн удирдлага хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж хариуцна.
2.3. Үндэсний зөвлөл нь нарийн бичгийн даргатай байх бөгөөд нарийн бичгийн дарга нь үндэсний зөвлөлийн хуралдааныг зохион байгуулах, хуралдааны шийдвэрийг баталгаажуулах, хэрэгжүүлэх, ажлын албаны өдөр тутмын үйл ажиллагааг хариуцаж ажиллана.
2.4. Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах байнгын ажиллагаатай зөвлөл нь Үндэсний зөвлөлийн дэд зөвлөл (цаашид “дэд зөвлөл” гэх) байна.
2.5. Улсын онцгой комисс, гамшгаас хамгаалах улсын албад нь чиг үүргийн хүрээнд Үндэсний зөвлөлтэй үйл ажиллагаагаа уялдуулж ажиллана.
Гурав. Үндэсний зөвлөлийн үйл ажиллагаа
3.1. Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна. Хуралдааныг Үндэсний зөвлөлийн дарга зарлан хуралдуулна.
3.2. Үндэсний зөвлөл нь Гамшгаас хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх бөгөөд Үндэсний зөвлөлийн хуралдааны шийдвэр нь зөвлөмж, чиглэл хэлбэртэй байна.
3.3. Үндэсний зөвлөлийн ээлжит хуралдааныг жилд 1 удаа, шаардлагатай тохиолдолд ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулж болно.
3.4. Ээлжит хуралдааны товыг хуралдаан зохион байгуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө гишүүдэд мэдэгдэж, хуралдааны хэлэлцэх асуудлыг хүргүүлсэн байна.
3.5. Үндэсний зөвлөлийн хуралдааныг нийт гишүүдийн олонх буюу 50 хувиас дээш ирцтэй оролцсон тохиолдолд хүчинтэйд тооцно.
3.6. Үндэсний зөвлөл нь хуульд заасан бүрэн эрхийн хэмжээнд хамаарах асуудлыг хэлэлцэж, хэлэлцсэн асуудлыг гишүүдийн олонхын саналаар, санал тэнцсэн тохиолдолд хуралдаан даргалагчийн саналаар шийдвэрлэнэ.
3.7. Үндэсний зөвлөлийн хуралдааны хэлэлцэх асуудалтай холбогдуулан тухайн салбарын эрдэмтэн, судлаач, мэргэжилтэн, олон улсын байгууллага, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллөөс оролцуулж болно.
3.8. Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад холбогдох талуудыг татан оролцуулж болно.
Дөрөв. Үндэсний зөвлөлийн ажлын албаны чиг үүрэг
4.1. Үндэсний зөвлөлийн ажлын алба дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
4.1.1. Үндэсний зөвлөлийн хуралдааны бэлтгэл ажлыг хангаж, хуралдааныг зохион байгуулах;
4.1.2. Үндэсний зөвлөлд ирүүлсэн санал, хүсэлтийг хүлээн авч, хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлэх;
4.1.3. Үндэсний зөвлөлийн хуралдааны шийдвэрийг холбогдох байгууллагад хүргүүлж, шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж, тайлагнах;
4.1.4. Үндэсний зөвлөлөөс зохион байгуулж байгаа ажил, түүний явц, үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэх, сурталчлах;
4.1.5. Үндэсний зөвлөлийн үйл ажиллагаанд шаардлагатай баримт бичиг, мэдээ, мэдээлэл, судалгааг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэдээс гаргуулан авах;
4.1.6. орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагаанд хяналт тавих, үйл ажиллагааны жилийн тайланг гаргуулах;
4.1.7. Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг төлөвлөх, тайлагнах.
Тав. Үндэсний зөвлөлийн дарга, гишүүдийн бүрэн эрх
5.1. Үндэсний зөвлөлийн дарга нь гадна дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
5.1.1. Үндэсний зөвлөлөөс гаргасан шийдвэрийн хэрэгжилт, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажилллагаанд шаардагдах судалгаа, мэдээ, мэдээллийг холбогдох байгууллага, албан тушаалтнаас гаргуулан авах;
5.1.2. гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлаар холбогдох байгууллагад зөвлөмж хүргүүлж шийдвэрлүүлэх;
5.1.3. гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээнд шаардлагатай төсөв, хөрөнгө оруулалтын асуудлаар холбогдох байгууллага, аймаг, нийслэлийн удирдлагуудад зөвлөмж, чиглэл хүргүүлэх;
5.1.4. хуралдааныг товлох, хуралдааны дэг, хэлэлцэх асуудлыг тогтоох; гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлаар гишүүдэд чиглэл өгөх;
5.1.5. гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлаар өөрийн эрх мэдлийн хүрээнд захирамж гаргах.
5.2. Үндэсний зөвлөлийн гишүүн дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
5.2.1. шаардлагатай тохиолдолд үндэсний зөвлөлийн ээлжит бус хуралдааныг хуралдуулах санал гаргах;
5.2.2. гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хариуцсан салбарт хэрэгжүүлэх арга хэмжээ, салбар хоорондын зохицуулалтыг хангах асуудлыг Үндэсний зөвлөлийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх;
5.2.3. гамшгийн эрсдэлийг бууруулах бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, хэрэгжүүлсэн ажлаа Үндэсний зөвлөлийн хуралдаанд тайлагнах;
5.2.4. гамшгийн эрсдэлийг бууруулахтай холбоотой бодлогын зөвлөмж боловсруулах, бусад гишүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж салбар дундын зохицуулалтыг хангах;
5.2.5. үндэсний зөвлөлөөс гарсан шийдвэрийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг тухайн жилийн төсөвтөө тусгаж хэрэгжилтийг хангах.
Зургаа. Орон нутгийн зөвлөлийн бүрэн эрх
6.1. Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл (цаашид “Орон нутгийн зөвлөл” гэх) нь Гамшгаас хамгаалах тухай хуулийн 27.2-т заасан бүрэн эрхээс гадна энэ журмыг өөрийн эрх мэдлийн хүрээнд хэрэгжүүлнэ.
6.2. Орон нутгийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөлтийг хөгжлийн бодлого, төлөвлөлтөд тусгах, холбогдох зардлыг шийдвэрлэж хэрэгжилтийг хангах.
6.3. Үндэсний зөвлөлийн шийдвэрийн биелэлт, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаа, түүний үр дүн, авч хэрэгжүүлсэн арга хэмжээг Үндэсний зөвлөлд улирал тутам тайлагнана.
Долоо. Бусад
7.1. Үндэсний зөвлөл нь холбогдох журмын дагуу үйлдсэн албан бичгийн хэвлэмэл хуудас, тамга хэрэглэнэ.
7.2. Үндэсний зөвлөлийн ажлын албаны үйл ажиллагааны зардлыг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын төсвийн багцад тусган санхүүжүүлнэ.
7.3. Гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлээгүй, Үндэсний зөвлөлөөс гаргасан чиглэлийг биелүүлээгүй албан тушаалтанд холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
---о0о---
Текст томруулах
A
A
A