A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2020 оны 205 дугаар
  тогтоолын хавсралт

 

БҮХ НИЙТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮҮРГИЙН САНГ
БҮРДҮҮЛЭХ, ЗАРЦУУЛАХ ЖУРАМ


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэ журмаар төрийн бодлогын хүрээнд харилцаа холбооны зайлшгүй шаардлагатай үйлчилгээг алслагдсан орон нутагт болон үйлчилгээ хүрээгүй хүн амд бодит үнээр хүргэх, шинээр сүлжээ байгуулах, харилцаа холбооны орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, өргөтгөх, шинэчлэх зориулалтаар “Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан (цаашид “сан” гэх)”-д хөрөнгө төвлөрүүлэх, төвлөрүүлсэн хөрөнгийг зарцуулахтай холбоотой харилцааг зохицуулна.

1.2. Сангийн үйл ажиллагаанд Засгийн газрын тусгай сангийн тухай, Харилцаа холбооны тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай, Төсвийн тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай, Шилэн дансны тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон эдгээр хуультай нийцүүлж гаргасан дүрэм, журмыг дагаж мөрдөнө.

1.3. Сангийн хөрөнгөөр Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, салбарын хөгжлийн бодлоготой уялдуулан энэ журмын 1.1-д заасан чиглэлийн хүрээнд төлөвлөж, харилцаа холбооны асуудал эрхэлсэн сайдын баталсан төсөл, арга хэмжээг санхүүжүүлнэ.

Хоёр. Хамрах хүрээ

2.1. Энэ журмыг харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага (цаашид “төрийн захиргааны байгууллага” гэх), Харилцаа холбооны зохицуулах хороо (цаашид “Зохицуулах хороо” гэх), харилцаа холбооны үйлчилгээ эрхэлж байгаа хуулийн этгээд дагаж мөрдөнө.

2.2. Энэ журмын 2.1-д заасан харилцаа холбооны үйлчилгээ эрхэлж байгаа хуулийн этгээдэд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.16-д заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч, “Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал”-ын 53, 61, 62, 63 дэд салбарын үйлчилгээ эрхлэгч этгээд хамаарна.

2.3. Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 6.1-д заасан үйлчилгээ эрхлэгч этгээдэд энэ журам хамаарахгүй.

Гурав. Сангийн үйл ажиллагаанд баримтлах зарчим

3.1. Санд хөрөнгө төвлөрүүлэх, түүнийг зарцуулахад харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчдийг ялгаварлахгүй, тэгш оролцуулах, ил тод, нээлттэй, хүртээмжтэй байх, харилцан санал мэдээлэл, солилцох, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх бөгөөд үйлчилгээ эрхлэгчдэд үүрэг давхардуулан ногдуулахгүй, үүргээс чөлөөлөхгүй байна.

Дөрөв. Сангийн удирдлага, зохион байгуулалт

4.1. Сангийн төсвийн ерөнхийлөн захирагч нь харилцаа холбооны асуудал эрхэлсэн сайд байна.

4.2. Сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний төлөвлөгөө, төсвийг харилцаа холбооны асуудал эрхэлсэн сайд жил бүрийн 2 дугаар сард багтаан батална.

4.3. Төрийн захиргааны байгууллага сангийн өдөр тутмын үйл ажиллагааг энэ журмын 4.2-т заасан төсөв болон өөрийн дотоод нөөц боломжийн хүрээнд хариуцан зохион байгуулна.

4.4. Төрийн захиргааны байгууллага нь сангийн удирдлага, зохион байгуулалтын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

      4.4.1. харилцаа холбооны үйлчилгээ эрхэлж байгаа хуулийн этгээдээс санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг баталгаажуулах, хөрөнгийг төвлөрүүлэх ажлыг зохион байгуулах;

      4.4.2. сангийн үйл ажиллагааны болон сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний жилийн төлөвлөгөө, төсвийн төслийг боловсруулж, батлуулах;

      4.4.3. санд гадаад улс, олон улсын болон дотоодын байгууллагаас хандив, тусламж авах ажлыг зохион байгуулах;

      4.4.4. Хяналтын зөвлөлийн хуралдааны шийдвэрийг хэрэгжүүлэх;

      4.4.5. батлагдсан төлөвлөгөө, төсвийн дагуу сангийн хөрөнгийг хуваарилах, зарцуулах;

      4.4.6. батлагдсан төлөвлөгөө, төсвийн хүрээнд төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

      4.4.7. сангийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн төслийн хэрэгжилтэд жил бүр хөндлөнгийн үнэлгээ хийлгэх, үнэлгээний дүнг ил тод мэдээлэх;

      4.4.8. сангийн үйл ажиллагаа, хөрөнгө төвлөрүүлэлт болон зарцуулалттай холбогдуулан ирүүлсэн гомдол, санал, хүсэлтийг хүлээн авч, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хянан шийдвэрлэх.

4.5. Сангийн хөрөнгө төвлөрүүлэлт, зарцуулалт, төсөл, арга хэмжээний төлөвлөлт, хэрэгжилтийн үр дүн болон тэдгээрийг тайлагнаж, мэдээлж байгаа байдалд хөндлөнгийн хяналт тавих, зөвлөмж өгөх үүрэг бүхий орон тооны бус Хяналтын зөвлөл (цаашид “Зөвлөл” гэх)-ийг ажиллуулна.

4.6. Зөвлөл нь салбарын зохицуулах байгууллага, төрийн, төрийн бус болон хувийн хэвшлийн дараахь байгууллагын төлөөлөл бүхий 9 гишүүнтэй байна:

      4.6.1. харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага-1;

      4.6.2. Зохицуулах хороо-1;

      4.6.3. харилцаа холбооны үйлчилгээний чиглэлийн төрийн бус байгууллага-2;

      4.6.4. харилцаа холбооны сүлжээний чиглэлийн төрийн бус     байгууллага-1;

      4.6.5. шуудангийн үйлчилгээний чиглэлийн төрийн бус байгууллага-1;

      4.6.6. мэдээллийн технологийн үйлчилгээ эрхлэгч-1;

      4.6.7. интернетийн үйлчилгээ эрхлэгч-1;

      4.6.8. харилцаа холбооны салбарын сургалт, судалгааны байгууллага-1.

4.7. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг харилцаа холбооны асуудал эрхэлсэн сайдын тушаалаар 3 жилийн хугацаагаар томилно.

4.8. Зөвлөлийн үйл ажиллагааны хэлбэр нь хуралдаан байх ба хуралдаанд гишүүдийн 50-иас дээш хувь нь оролцсоноор хуралдааныг хүчинтэйд тооцно. Зөвлөлийн шийдвэр нь санал болон зөвлөмж хэлбэртэй байна.

4.9. Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгох ба зөвлөлийн хуралдааныг дарга удирдан явуулна.

4.10. Зөвлөл нь хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг хуралдаанд оролцсон нийт гишүүний олонхын саналаар, илээр санал хурааж шийдвэрлэнэ.

4.11. Зөвлөлийн хуралдааны явцыг тэмдэглэлээр баталгаажуулах бөгөөд тэмдэглэлд хуралдаанд оролцсон бүх гишүүд гарын үсэг зурна.

4.12. Зөвлөлийн хуралдааны явцыг төрийн захиргааны байгууллагын холбогдох ажилтан тэмдэглэл хөтөлж бэхжүүлэх бөгөөд тэмдэглэлд оролцсон гишүүд, ирцийн хувь, тухайн хуралдаанаар хэлэлцсэн асуудал, гарсан шийдвэр, санал хураалтын дүн, сонирхлын зөрчилтэй холбоотой болон шийдвэрийн талаар зарчмын өөр санал гаргасан гишүүний тайлбар зэргийг тусгана. Гишүүн тайлбараа бичгээр гаргаж болно.

4.13. Зөвлөл нь хагас жилд нэгээс доошгүй удаа хуралдах бөгөөд төрийн захиргааны байгууллагын дарга, эсхүл зөвлөлийн гишүүдийн олонхын саналаар хуралдааныг зохион байгуулж болно.

4.14. Зөвлөл дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

        4.14.1. сангийн үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудлаар санал, зөвлөмж гаргаж, эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх;

        4.14.2. сан нь хуульд нийцсэн үйл ажиллагаа явуулж байгаа эсэх талаар санал гаргах;

        4.14.3. сангийн үйл ажиллагаа, сангийн хөрөнгө төвлөрүүлэлт, зарцуулалтын тайланд санал, зөвлөмж өгөх;
        4.14.4. сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний төлөвлөгөө, төсвийн төсөлд санал, зөвлөмж өгөх;

        4.14.5. сангийн тайлан, мэдээлэл, шаардлагатай бусад бичиг баримтыг гаргуулан авах;

        4.14.6. сангийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн аудитын дүгнэлт, төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд хийсэн үнэлгээний тайлан, зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар авсан арга хэмжээтэй танилцаж, зөвлөмж өгөх;

        4.14.7. Зөвлөлийн гишүүнээс тодорхой асуудал хэлэлцүүлэхээр гаргасан саналыг хэлэлцэн шийдвэрлэх.

Тав. Сангийн төлөвлөлт

5.1. Төрийн захиргааны байгууллага нь сангийн хөрөнгөөр тухайн жилд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний төлөвлөгөөг салбарын хөгжлийн бодлого, өмнөх жилүүдэд хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний дүн, зорилтот бүс нутгийн хэрэглэгчийн судалгаа, холбогдох бусад судалгаа, оролцогч талын саналд үндэслэн боловсруулна.

5.2. Төрийн захиргааны байгууллага нь сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг сонгоход дараахь хүчин зүйлийг харгалзана:

       5.2.1. салбарын хөгжлийн бодлоготой уялдсан эсэх;

       5.2.2. нийгмийн ач холбогдол, зорилтот бүлэгт чиглэсэн эсэх;

       5.2.3. харилцаа холбооны үйлчилгээний чанарын үзүүлэлт;

       5.2.4. орон нутаг дахь бүх нийтийн үйлчилгээний хэрэгцээ, шаардлага.

5.3. Төрийн захиргааны байгууллага нь дараа жилд сангийн хөрөнгөөр шинээр болон үргэлжлүүлэн хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний төлөвлөгөө, төсвийн төслийг жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор Зөвлөлд танилцуулна.

5.4. Зөвлөл сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний төлөвлөгөө болон төсвийн төслийн талаарх саналаа 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

5.5. Төрийн захиргааны байгууллага нь Зөвлөлөөс ирүүлсэн саналыг төлөвлөгөө болон төсвийн төсөлд тусгаж, тусгаагүй саналын үндэслэлийн хамт жил бүрийн 1 дүгээр сарын 10-ны өдрийн дотор Зөвлөлийн хуралдаанд танилцуулж, харилцаа холбооны асуудал эрхэлсэн сайдад хүргүүлнэ.

Зургаа. Сангийн хөрөнгө төвлөрүүлэлт

6.1. Сангийн хөрөнгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 9.2, 9.3-т заасны дагуу бүрдүүлнэ.

6.2. Энэ журмын 2.2-т заасан үйлчилгээ эрхлэгч этгээд холбогдох журмын дагуу санд хөрөнгө төвлөрүүлэх үүрэг хүлээнэ.
6.3. Харилцаа холбооны үйлчилгээ эрхэлж байгаа хуулийн этгээд санд хөрөнгө төвлөрүүлэхдээ Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль болон “Аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлан, тодруулгыг бэлтгэх заавар”-ыг  баримтална.

6.4. Төрийн захиргааны байгууллага нь санд хөрөнгө төвлөрүүлэх мэдэгдлийг харилцаа холбооны үйлчилгээ эрхэлж байгаа хуулийн этгээдэд жилд   2 удаа хүргүүлнэ.

6.5. Харилцаа холбооны үйлчилгээ эрхэлж байгаа хуулийн этгээд татварын тайлангаа харьяалах татварын болон санхүүгийн албаар баталгаажуулсан өдрөөс хойш 10 хоногийн дотор энэ журмын хавсралт маягтыг бөглөж татварын болон санхүүгийн тайлангийн хамт төрийн захиргааны байгууллагад хүргүүлж, тухайн жилд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг баталгаажуулна.

6.6. Энэ журмын 6.5-д заасны дагуу баталгаажуулсан хөрөнгийг 30 хоногт багтаан Төрийн санд байрших “Бүх нийтийн үүргийн сан”-гийн дансанд төвлөрүүлнэ.

6.7 Төрийн захиргааны байгууллага нь бүх нийтийн үйлчилгээний үүргийг хэрэгжүүлэхэд гадаад улс, олон улсын байгууллагын тусламж авах чиглэлээр идэвхтэй ажиллах бөгөөд энэ чиглэлээр хийсэн ажлын талаар Зөвлөлийн хуралдаанд жил бүр танилцуулна.

Долоо. Сангийн хөрөнгийн зарцуулалт

7.1. Сангийн хөрөнгийг батлагдсан төлөвлөгөө, төсөв болон холбогдох хууль, журмыг баримтлан зориулалтын дагуу зарцуулж, тайлагнана.

7.2. Сангийн хөрөнгөөр тухайн жилд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг гүйцэтгэгчийг шалгаруулахад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг мөрдөнө.

Найм. Сангийн хөрөнгө төвлөрүүлэлт, зарцуулалтад
хяналт тавих, тайлагнах

8.1. Сангийн хөрөнгө төвлөрүүлэлт, зарцуулалтад Төсвийн тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай, Харилцаа холбооны тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд харилцаа холбооны асуудал эрхэлсэн сайд, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн аудитын байгууллага, харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, Зөвлөл хяналт тавина.

8.2. Төрийн захиргааны байгууллага нь сангийн хөрөнгө төвлөрүүлэлт, зарцуулалтыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 24.1-д заасны дагуу тухай бүр тайлагнаж ажиллана.

8.3. Зөвлөл нь энэ журмын 4.14-т заасан чиг үүргийн хүрээнд хяналт тавина.

8.4. Төрийн захиргааны байгууллага нь сангийн хөрөнгө төвлөрүүлэлт, зарцуулалт болон хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний үр дүнгийн тайланг дор дурдсан үзүүлэлтээр бэлтгэнэ:

        8.4.1. хөрөнгө төвлөрүүлэлтийн талаарх тайланг тухайн жилд төвлөрүүлэх хөрөнгийг бүрэн төвлөрүүлсэн эсэх болон дутуу төвлөрүүлсэн хөрөнгийн хувь хэмжээ (хуулийн этгээд тус бүрийн нэрээр);

        8.4.2. хөрөнгө зарцуулалтын тайланг хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийн хувь, санхүүжилтийн хэмжээ, үлдэгдэл санхүүжилтийг төсөл, арга хэмжээ бүрээр;

        8.4.3. төсөл, арга хэмжээний зорилго, байршил, ажил эхлүүлэх, дуусгах хугацаа, төслийн зорилго хангагдаж байгаа байдал.

8.5. Төрийн захиргааны байгууллага нь сангийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийн хяналт шалгалтыг төслийн үе шат бүрд хийж, явц, үр дүнгийн тайланг хагас жил тутам Зөвлөлд танилцуулан саналыг нь авч тусгасны үндсэн дээр харилцаа холбооны асуудал эрхэлсэн сайдад хүргүүлнэ.

8.6. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 24.2-т заасны дагуу сангийн хөрөнгийн төвлөрүүлэлт, зарцуулалт, гүйцэтгэл, санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээний мэдээлэл олон нийтэд нээлттэй байна.

8.7. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 24.3, 24.5-д заасны дагуу сангийн хөрөнгө зарцуулалтын жилийн эцсийн тайланд аудит хийлгэж, олон нийтэд мэдээлнэ.

Ес. Хариуцлага

9.1. Сангийн хөрөнгийг батлагдсан төсвөөс хэтрүүлэн зарцуулсан, өөр зориулалтаар зарцуулсан этгээдэд Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

9.2. Санд хөрөнгө төвлөрүүлэх хугацааг хэтрүүлсэн, хөрөнгө төвлөрүүлээгүй,  хөрөнгө төвлөрүүлэхээс санаатай зайлсхийсэн, хуурамч тайлан гаргасан этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

9.3. Санд хөрөнгө төвлөрүүлэх үүргээ биелүүлээгүй хуулийн этгээдийн харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, цуцлах асуудлыг төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн Зохицуулах хороо шийдвэрлэнэ.

9.4. Санд хөрөнгө төвлөрүүлэх үүргээ биелүүлээгүй буюу дутуу биелүүлсэн этгээдэд харилцаа холбооны Улсын байцаагч эрх хэмжээнийхээ хүрээнд хариуцлага хүлээлгэнэ.

 

---о0о---

Журмын хавсралт “БНҮҮС”-ийн тайлангийн маягт

 

Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлэх хөрөнгийг баталгаажуулсан тайлан

 

20..   оны . .  –р улирлын тайлан                                                      

 

1.     Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн мэдээлэл

Банкны нэр: _____________________________

Дансны нэр: _____________________________                              Холбоо барих утас, факс:  ______________

Дансны дугаар: __________________________                              И-мэйл хаяг: _______________________

2.     Хөрөнгө төвлөрүүлэгч байгууллагын мэдээлэл.

Байгууллагын нэр:   __________________________  

Регистрийн дугаар:  _________________________

Одоогийн хаяг:

Аймаг, хот    ___________________________                     Утас  1: _____________ Утас  2: ___________

Сум, дүүрэг  ___________________________                    Факс:   ______________

Баг, хороо    ___________________________                     Шуудангийн хайрцаг:  _____________

Гудамж, хороолол ______________________                     И-мэйл хаяг:   _____________

Байшин, байр _ ________________________                    

Хашаа, хаалга _________________________

 

Үйл ажиллагааны чиглэл: ____________________________________________________________

 

 

Үзүүлэлтүүд

 

Код

Татварын албаны баталгаажуулсан дүн

Сангийн

баталгаажуулсан дүн

 

1.

Нийт орлого

1.

 

 

 

Үүнд:

Мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээнээс олсон орлого

 

2.

 

 

Бусад орлого

3.

х

 

2.

Нийт зардал

4.

 

 

 

3.

Татвар төлөхийн өмнөх ашиг (алдагдал)

5.

 

 

Орлогын татварын зардал

6.

 

 

Татварын дараах ашиг (алдагдал)

7.

 

 

 

4.

Санд төвлөрүүлэх хөрөнгө

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 9.3 дахь хэсэг (3%)

8.

 

 

5.

 

Тайлангийн эхний үлдэгдэл

Илүү

9.

 

 

дутуу

10.

 

 

6.

Төлбөл зохих /7-8+9/

11.

 

 

7.

Төлсөн он, сар, өдөр, дүн                                                            

12.

 

 

8.

Тайлангийн эцсийн үлдэгдэл

/10-11-12+13/

илүү

13.

 

 

дутуу

14.

 

 

             

Жич: Энэ тайлан нь санхүүгийн тайлан болон татварын албаны баталгаажуулсан ААНОАТ-ын тайлангийн хамт хүчинтэй.

 

Тайланг баталгаажуулсан:                                                          Тайланг үнэн зөв гаргасан:                                             

БНҮҮС-ийн ________________ /                               /        ____________ -ийн Дарга /Захирал/ __________________                                                                                                           /                       /

                    Тэмдэг                                                                                 Тэмдэг

         

20..   оны  ..   сарын   ..  -ны өдөр                                   Ерөнхий нягтлан бодогч ___________/                        /