- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГЫН АКТИВЫГ АНГИЛАХ, АКТИВЫН ЭРСДЭЛИЙН САН БАЙГУУЛЖ, ЗАРЦУУЛАХ ЖУРАМ
Санхүүгийн зохицуулах хорооны
2020 оны 12 дугаар сарын 9-ний
өдрийн 998 дугаар тогтоолын хавсралт
БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГЫН АКТИВЫГ АНГИЛАХ,
АКТИВЫН ЭРСДЭЛИЙН САН БАЙГУУЛЖ, ЗАРЦУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Банк бус санхүүгийн байгууллага (цаашид “ББСБ” гэх) нь зээл, факторинг, үнэт цаас (Монголбанкны үнэт цаас, 1 жил хүртэлх хугацаатай Засгийн газрын үнэт цааснаас бусад үнэт цаас), өмчлөх бусад хөрөнгө, авлагыг ангилах, тэдгээрт учирч болзошгүй алдагдлаас хамгаалах эрсдэлийн санг байгуулж, зарцуулахад энэхүү журмыг мөрдөнө.
1.2. ББСБ-ын зээлд байгуулсан эрсдэлийн сангийн зардлыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.11-т заасны дагуу албан татвар ногдох орлогоос хасаж тооцох бөгөөд факторинг, үнэт цаас, өмчлөх бусад хөрөнгө, авлагын ангилалд байгуулсан эрсдэлийн сангийн зардал нь албан татвар ногдох орлогоос хасаж тооцох зардалд хамаарахгүй.
1.3. ББСБ нь зээл, факторинг, үнэт цаас, өмчлөх бусад хөрөнгө, авлагыг журмын хавсралтад заасан хугацааны үзүүлэлтээр тооцон ангилж, эрсдэлийн санг байгуулна.
1.4. ББСБ нь дотооддоо хийсэн активын эрсдэлийн үнэлгээ, дүгнэлт, тэдгээртэй холбогдох нотлох баримтад үндэслэн тухайн активын ангиллыг бууруулж болно.
1.5. ББСБ нь өөрийн үйл ажиллагааны онцлог, цар хүрээ, давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр санхүүгийн салбарт гарсан томоохон өөрчлөлт, эрсдэлийн ерөнхий түвшинд суурилан эрсдэлийн сангийн хувь хэмжээг Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон доод шаардлагаас багагүй хувь хэмжээгээр өөрчлөн тогтоож болно.
1.6. ББСБ-ын активын ангилал, байгуулсан эрсдэлийн сангийн хэмжээ нь энэхүү журмаар тогтоосон шаардлагыг хангасан эсэхийг Санхүүгийн зохицуулах хороо шалган, активын ангиллыг өөрчилж, дутуу байгуулсан эрсдэлийн санг нэмж байгуулах арга хэмжээг тухай бүр авна.
1.7. Эрсдэлийн санг зориулалтын бусаар зарцуулахыг хориглоно.
1.8. Энэхүү журамд зээл, факторинг, үнэт цаас, өмчлөх бусад хөрөнгө, авлага хэлбэрээр үүссэн хөрөнгө буюу актив, активыг ББСБ-д төлж барагдуулах үүрэг хүлээсэн этгээд буюу төлбөр хариуцагч байна.
Хоёр. Активыг ангилах, ангилал буурсан активын ангиллыг дээшлүүлэх
2.1. ББСБ нь активыг дор дурдсан байдлаар тухай бүр ангилна:
2.1.1. Хэвийн;
2.1.2. Анхаарал хандуулах;
2.1.3. Чанаргүй, үүнээс:
2.1.3.а. хэвийн бус;
2.1.3.б. эргэлзээтэй;
2.1.3.в. муу.
2.2. Төлбөр хариуцагчийн төлбөрийн чадвар алдагдсан, дампуурсан үед барьцаанд тавьсан эд хөрөнгийн тухайн үеийн үнэлгээ нь активын үндсэн өр болон хүүгийн 75-аас доошгүй хувийг төлж барагдуулахад хангалттай тохиолдолд эргэлзээтэй ангилалд, хангалтгүй тохиолдолд муу ангилалд хугацаа харгалзалгүй ангилна.
2.3. ББСБ нь төлбөр хариуцагчаас зээлийг хугацаа хэтэрсэн өдрөөс хойш 30 хүртэл хоногт багтаан эргэн төлөх боломжтой гэж дүгнэсэн тохиолдолд тухайн зээлийг хэвийн ангилалд бүртгэж болно. Эргэн төлөлт нь дээр заасан хоногоос хэтрэх тохиолдолд тус зээлийг энэ журамд заасны дагуу ангилал бууруулан тогтооно.
2.4. Гэмт хэргийн шинж чанартай үйлдлээс үүссэн байж болзошгүй шалтгаанаар төрийн эрх бүхий байгууллагад шалгагдаж байгаа активт 100 хувь эрсдэлийн сан байгуулна.
2.5. Активын гэрээний хугацааг нэг удаа сунгасан бол ангиллыг хэвээр хадгална, харин хоёр болон түүнээс дээш сунгасан бол өмнөх ангиллаас нэг шатлалаар бууруулна.
2.6. Төлбөр хариуцагчийн санхүүгийн чадвар муудсан болон анхны гэрээ, хэлцлийн дагуу төлбөр хийх чадваргүй болсноос шалтгаалан актив төлөгдөх хугацааг сунгасан, ББСБ-аас төлбөрийг нь төлүүлэхээр төрийн эрх бүхий байгууллагад нэхэмжлэл гаргасан байгаа активт энэ журмын 2.4 дэх хэсэг хамаарахгүй.
2.7. ББСБ нь Монголбанкны Зээлийн мэдээллийн санд ирүүлэх зээлдэгчийн талаарх мэдээлэлдээ тухайн активын ангилал, түүний өөрчлөлтийг журмын дагуу үнэн зөв тусгасан байна.
2.8 ББСБ нь энэхүү журмын 2.1.2, 2.1.3-т заасан активын ангиллыг дараах нөхцөлүүд зэрэг бүрдсэн тохиолдолд активын ангиллыг дээшлүүлж хэвийн ангилал хүртэл нэмэгдүүлж болно:
2.8.1. төлбөр хариуцагч нь 90-ээс дээш хоног хэтэрсэн хугацаа хэтэрсэн төлбөргүй;
2.8.2. сүүлийн 6 сар болон түүнээс дээш хугацаанд 3 удаагийн эргэн төлөлтийг тогтмол хийсэн;
2.8.3. төлбөр хариуцагчийн санхүү, төлбөрийн чадварын нөхцөл байдал сайжирснаар активыг анхны эсвэл шинэ гэрээний нөхцөлийн дагуу бүхэлд нь төлж барагдуулах магадлал нэмэгдсэн;
2.8.4 Санхүүгийн зохицуулах хорооноос хийсэн газар дээрх хяналт шалгалтын үнэлгээнд үндэслэн эцсийн ангиллыг дээшлүүлэхээр зөвшөөрсөн актив.
2.9. Энэхүү журмын 2.8-д заасны дагуу ангилал хийсэн активын эргэн төлөлтийг төлбөр хариуцагчаас активын ангиллаа нэмэгдүүлэх зорилгоор хийсэн буюу активын чанар бодитоор сайжраагүй талаар ББСБ эсвэл Санхүүгийн зохицуулах хороо дүгнэвэл тус активын ангиллыг дээшлүүлэхгүй.
2.10. Бүртгэлтэй байгаа чанаргүй активаас хэсэгчлэн тэнцлээс хассан бол хэвийн ангилалд ангилахгүй.
Гурав. Активын эрсдэлийн санг байгуулах, зарцуулах
3.1. ББСБ активын эрсдэлийн санг энэ журмын 3.2-т заасан хувь хэмжээгээр зардлаар байгуулна.
3.2. Активын ангилалд эрсдэлийн санг актив тус бүрийн үлдэгдэл дүнгээс дор заасан хувь хэмжээгээр байгуулна. Үүнд:
3.2.1. Хэвийн ангилалд 0 хувь;
3.2.2. Анхаарал хандуулах ангилалд 5 хувь;
3.2.3. Чанаргүй ангилалтай актив, үүнээс:
3.2.3.1. хэвийн бус ангилалд 25 хувь;
3.2.3.2. эргэлзээтэй ангилалд 50 хувь;
3.2.3.3. муу ангилалд 100 хувь.
3.3. Активын эрсдэлийн санг тухайн сарын сүүлийн ажлын өдөр байгуулна.
3.4. Активыг ангилж сан байгуулахдаа дараах үндсэн зарчмыг баримтална:
3.4.1. Хэвийн активыг санхүүгийн тайлан тэнцэлд анх тусгах үед эрсдэлийн санг байгуулахгүй бөгөөд активтай холбоотой гэрээ, хэлцлийн дагуу үүрэг хүлээсэн этгээд нь үндсэн өр болон хүүгийн төлбөрийг бүхэлд нь болон хэсэгчлэн буцаан төлөх чадваргүй болж болзошгүй нь үндэслэл бүхий баримтаар нотлогдсон бол ББСБ нь хүлээж болзошгүй алдагдлын дүнг тухай бүр тооцож, холбогдох эрсдэлийн санг журмын 3.3-д заасан хугацаанд зардлаар байгуулна.
3.4.2. ББСБ нь эрсдэлийн сан байгуулах, зориулалтын дагуу ашиглах, эрсдэлийн сангаас зарцуулах гүйлгээг Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон нягтлан бодох бүртгэлийн журмын дагуу хийнэ.
3.4.3. Зээлийг өмчлөх бусад хөрөнгөд шилжүүлэхээс бусад тохиолдолд активын хэлбэрийг өөрчлөхдөө хэлбэр өөрчлөгдөхөөс өмнөх ангиллыг хэвээр хадгалж, түүнд үндэслэн энэхүү журмын дагуу дараагийн ангиллыг хийнэ.
3.4.4. Хувьцаа болон түүнтэй адилтган тооцох үнэт цаасны эрсдэлийн санг зөвхөн төлбөр хариуцагчийн төлбөрийн чадварыг харгалзан журмын 3.4.1-д заасны дагуу тооцож, эрсдэлийн сан байгуулна.
3.5. ББСБ нь дутуу байгуулсан эрсдэлийн санг нэмж байгуулах тохиолдолд зардлаар нэмж байгуулах, илүү байгуулсан эрсдэлийн санг буцаах тохиолдолд эхэлж сан байгуулсан зардлын дансыг хорогдуулах бөгөөд илүү байгуулсан дүн нь тухайн үед байгаа зардлын дансны үлдэгдлээс хэтэрсэн нөхцөлд бусад орлогын дансанд хаана.
3.6. ББСБ активыг холбогдох сангаас зөвхөн дор дурдсан нөхцөлд дараах баримт бичгийг үндэслэн хорогдуулж болно:
3.6.1. Төлүүлэх тухай шүүхийн шийдвэр гарснаас хойш хагас жилийн дотор төлбөр хариуцагчаас төлбөрийг бүрэн хийгээгүй нөхцөлд ББСБ-ын төлөөлөн удирдах зөвлөл /хувьцаа эзэмшигчдийн хурал/-ийн шийдвэрээр;
3.6.2. Төлбөр хариуцагчаас тодорхой хэсгийг гаргуулахаар шүүхийн шийдвэр гарсан боловч үлдэх хэсгийг төлбөр хариуцагч хариуцахгүй болсныг тогтоосон шүүхийн шийдвэрээр тухайн үлдэх хэсгийг;
3.6.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тухай шүүгчийн захирамж болон ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор;
3.6.4. Төлбөр хариуцагчийн талаар шүүхэд хандсан боловч тодорхой шийдвэр гаргах боломжгүй нөхцөл бий болсон активыг муу ангилалд орсноос хойш хагас жилийн дараа өөрийн хөрөнгийн 1 хувь хүрэхгүй дүнтэй активыг гүйцэтгэх захирлын шийдвэрээр, өөрийн хөрөнгийн 1 хувиас доошгүй дүнтэй активыг төлөөлөн удирдах зөвлөл /хувьцаа эзэмшигчдийн хурал/-ийн шийдвэрээр.
3.7. ББСБ-ын хувьцаа эзэмшигчийн хувьд энэ журмын 3.6.1 дэх заалт хамаарахгүй бөгөөд тухайн ББСБ дахь активаа төлж чадахгүй бол эхний ээлжид барьцаа хөрөнгийг худалдаж олсон орлогоор, хэрэв үндсэн өр төлбөр, хүүгийн дүн уг орлогоос давж байвал, тухайн ББСБ-д хувь нийлүүлсэн хөрөнгийг худалдаж, олсон орлогоор активыг төлүүлнэ.
3.8. Активыг холбогдох эрсдэлийн сангаас хорогдуулсан тохиолдолд тэнцлийн гадуурх дансанд /хувийн хэрэг болон холбогдох бусад бичиг баримтын хамтаар/ нэрийн данс бүрээр дэлгэрэнгүй бүртгэж, төлүүлж барагдуулах арга хэмжээг эрчимтэй үргэлжлүүлнэ.
3.9. Сангаар хорогдуулж тэнцлийн гадуурх дансанд бүртгэсэн активын төлбөр хийгдсэн нөхцөлд тэр хэмжээгээр ББСБ-ын үйл ажиллагааны бусад орлогод бүртгэнэ.
Дөрөв. Хяналт, хариуцлага
4.1. ББСБ-ын удирдлага нь актив хөрөнгийн эрсдэлийг хянаж, удирдах зохистой механизмыг бүрдүүлж ажиллах үүрэгтэй.
4.2. Активын ангилал, активын эрсдэлийн сан, эрсдэлийн сангийн зарцуулалтад тухайн ББСБ-ын дотоод хяналт хариуцсан нэгж /албан тушаалтан/ хяналт тавьж, Төлөөлөн удирдах зөвлөл /хувьцаа эзэмшигчдийн хурал/-д тайлагнана.
4.3. Санхүүгийн зохицуулах хороо нь тухайн ББСБ-ын удирдлага активын эрсдэлийг хэрхэн үнэлж, дүгнэн ангилж, учирч болзошгүй эрсдэлээс хамгаалах талаар авч байгаа арга хэмжээ нь зохистой эсэх, ангиллыг үнэн зөв хийж байгаа эсэх, эрсдэлийн санг бүрэн байгуулж байгаа байдлыг газар дээр нь шалгаж, зайнаас хяналт тавина.
4.4. Санхүүгийн зохицуулах хороо нь ББСБ-ын үйл ажиллагаанд хийсэн газар дээрх шалгалтаар активыг энэ журмын дагуу ангилаагүй, холбогдох санг тогтоосон хувь хэмжээгээр байгуулаагүй, зориулалтын бусаар зарцуулсан нь нотлогдсон тохиолдолд буруутай этгээдэд хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны
12 дугаар сарын 09-ний өдрийн 998 дугаар
тогтоолоор баталсан “Банк бус санхүүгийн
байгууллагын активыг ангилах, активын эрсдэлийн
сан байгуулж, зарцуулах журам”-ын хавсралт
АКТИВЫН ХУГАЦААНЫ ҮЗҮҮЛЭЛТИЙГ ДҮГНЭХ ХҮСНЭГТ
Ангилал |
Хэвийн |
Анхаарал хандуулах |
Хэвийн бус |
Эргэлзээтэй |
Муу |
Зээл, факторинг |
30 хоног хүртэл |
90 хоног хүртэл |
91-180 |
181-360 |
361-ээс дээш хоног үндсэн төлбөр, хүүгийн төлбөр хийгдээгүй |
Хувьцаа болон түүнтэй адилтган тооцох үнэт цааснаас бусад үнэт цаас |
15 хоног хүртэл |
30 хоног хүртэл |
31-60 |
61-90 |
91-ээс дээш хоног үнэт цаас, үнэт цаасны хүүгийн эргэн төлөлт хийгдээгүй |
Өмчлөх бусад хөрөнгө |
30 хоног хүртэл |
31-60 |
61-90 |
91-120 |
121-ээс дээш хоног борлогдоогүй |
Авлага |
30 хоног хүртэл |
31-60 |
61-90 |
91-120 |
121-ээс дээш хоног төлөгдөөгүй буюу, гэмт хэргийн улмаас бий болсон авлага |
Текст томруулах
A
A
A