- Нүүр
- Сайдын тушаал
- УСАН ЗАМААР ЗОРЧИГЧ, АЧАА ТЭЭВЭРЛЭЛТИЙН ҮНЭ, ТАРИФ ТОГТООХ АРГАЧЛАЛ
Зам, тээврийн хөгжлийн сайдын
2020 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн
дугаар тушаалын хавсралт
УСАН ЗАМААР ЗОРЧИГЧ, АЧАА ТЭЭВЭРЛЭЛТИЙН
ҮНЭ, ТАРИФ ТОГТООХ АРГАЧЛАЛ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү аргачлалын зорилго нь усан замын тээврийн хэрэгслээр гол мөрөн, нуур, нуурын хоолойгоор зорчигч, ачаа, тээш, шуудан тээвэрлэхдээ усан замын тээврийн үйлчилгээ үзүүлж буй иргэн, хуулийн этгээд (цаашид “тээвэрлэгч” гэх)-ээс үнэ тариф тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2. Усан замын тээврийн үйлчилгээ үзүүлж буй тээвэрлэгч нь зорчигч, ачаа, тээш, шуудан тээвэрлэх үнэ тарифаа Монгол Улсын Иргэний хууль, бусад холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн дараах үзүүлэлтийг тооцож тогтооно. Үүнд:
1.2.1. тухайн орон нутгийнхаа хүн амын амьжиргааны түвшин;
1.2.2. хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ;
1.2.3. тээврийн хэрэгслийн өөрийн өртөг, элэгдэл хорогдол, сэлбэг хэрэгслийн өртөг;
1.2.4. шатах тослох материалын зардал;
1.2.5. зорчигчийн аюулгүй байдлыг хангах хүн нэг бүрийн хамгаалах хэрэгслийн хангамж, тэдгээрийн элэгдэл хорогдол;
1.2.6. тээврийн хэрэгсэл, зорчигчийн амь нас эрүүл мэндийн даатгалын хураамж;
1.2.7. ачаа, ачааны бэхэлгээ;
1.2.8. ачааны даатгалын хураамж;
1.2.9. бүх төрлийн татвар зэрэг үнэ тарифт нөлөөлж болох бүх үзүүлэлт.
1.3. Тээвэрлэгч нь тогтоосон үнэ тарифаа боомт, зогсоолд ил тодоор байршуулж, сонирхсон иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, хүмүүст нээлттэй мэдээлж, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилна.
Хоёр. Тээвэрлэлтэд баримтлах үнэ, тариф
2.1. Тээвэрлэгч орон нутгийн засаг захиргаатай зөвшилцөн дараахь үнэ өртгийг эдийн засгийн тооцоо судалгаа үндэслэлтэй тогтооно. Үүнд:
2.1.1. орон нутагт зорчигч, ачаа, тээш, шуудан тээвэрлэх үнэ тариф, мөн гол, мөрөн, нуур, нуурын хоолой гатлах татлага онгоцны үнэ;
2.1.2. усан замд шинээр чиглэл нээж ачаа, зорчигч тээвэрлэх үеийн үнэ;
2.1.3. хөвөлтийн улиралд хөнгөлөлттэй үнэ өртгөөр зарим чиглэлд зорчигч, ачаа, тээш, шуудан тээвэрлэх буюу усан замын тээврийн хэрэгсэл чирэх үнэ;
2.1.4. ачаа ачих буулгах ажлын хөлс;
2.1.5. усан замын тээврийн хэрэгсэл боомт, зогсоолд орж гарсны болон зогсоолд зогссоны төлбөр.
2.2. Тээвэрлэгч аялах зайны үнэ, тарифыг дараахь үзүүлэлтийг харгалзан тогтооно. Үүнд:
2.2.1. усан замын тээврийн хэрэгслийн суудлын тоо;
2.2.2. хөдөлгүүрийн хүчин чадал;
2.2.3. нэг цагт зарцуулах түлш шатахууны үнэ;
2.2.4. хөдөлгүүрийн тос, сэлбэгийн үнэ;
2.2.5. зорчигчийн амь нас эрүүл мэндийн даатгалын хураамж;
2.2.6. урамшуулал, бусад төлбөр.
2.3. Үнэ тарифт дараахь үйлчилгээний болон бусад төлбөрийг шингээсэн байна. Үүнд:
2.3.1. зорчигч тээвэрлэсний болон ачааг ачиж буулгасны дараа усан замын тээврийн хэрэгсэлд цэвэрлэгээ хийх, ачаа ачих, бэхлэхэд зориулагдсан хаалт, хашлага, тавцан болон бусад хэрэгслүүдийг барьж байгуулах, тоноглох, буулгах ажлын, мөн туслах ажлын хөлс;
2.3.2. тусгай бэхэлгээ шаарддаг том оворын, хүнд жингийн ачаа болон амьд амьтан тээвэрлэхэд зориулагдсан усан замын тээврийн хэрэгслийн тоног төхөөрөмж, тоноглол хэрэгслүүдийн төлбөр;
2.3.3. боомт, зогсоол, агуулах, ачих буулгах тоног төхөөрөмж, хэрэгслүүд болон автомашин богино хугацаагаар ашигласны төлбөр;
2.3.4. зорчигчдод ор дэрний цагаан хэрэглэл олгосны хөлс, ачаа зөөгч, ачигчдын хөлс, тасалбарыг урьдчилан худалдаалсан ба хүргэж үйлчилсний хөлс, гар тээш хадгалсны төлбөр, зорчигчдыг зочид буудлын ор хоногоор үйлчилсний болон энэ хэсэгт тусгагдаагүй бусад үйлчилгээтэй холбоотой төлбөр.
2.4. Ачаа илгээгч /ачаа хүлээн авагч/ нь ачаагаа тээвэрлэлтэд хүлээлгэн өгөхдөө бэлэн мөнгөөр, эсвэл гэрээнд заасан хэлбэрээр ачаа тээвэрлүүлсний хөлсийг тээвэрлэгчид төлнө.
2.5. Ачаа илгээгч ачаагаа үнэ цэнэтэй гэж зарласан бол уг ачааг тээвэрлэгч тээвэрлэлтэд хүлээн авахдаа зарласан үнэ цэнэ нь ачааны бодит өртгөөс хэтэрсэн эсэхийг хянана.
2.6. Тээвэрлэгч ба ачаа илгээгчийн хооронд үнэ цэнэтэй ачааны өртгийн талаар маргаан гарсан тохиолдолд хөндлөнгийн шинжээчид тодорхойлох ба энэ тухай акт үйлдэнэ.
2.7. Ачааг боомт, зогсоолд ирсэн өдрийг тооцохгүйгээр нэг хоногийн хугацаанд үнэ төлбөргүй хадгална. Тээвэрлэгчийн буруугаас ачаа олголт саатсан бол ачааг хадгалсны хөлс авахгүй.
2.8. Тээвэрлэгч ачааг хүлээн авагчид нь хүргэх буюу хүлээлгэн өгөх боломжгүй бол, мөн ачааг тээвэрлэлтэд хугацаанд нь хүлээн авсан боловч аялалын замд саад бэрхшээл гарч, удаан хугацаагаар замдаа саатахаар бол Тээвэрлэгч энэ тухай 5 хоногт багтаан ачаа илгээгч ба ачаа хүлээн авагчид мэдэгдэж, ачаа хүлээн авагчийн зардлаар төмөр зам, автотээврийн хэрэгслээр хүлээн авах боомтод хүргэх арга хэмжээг авах буюу ачааг тээврийн өөр байгууллагад шилжүүлэн өгнө.
Гурав. Зорчигч, тэдний тээш тээвэрлэх үнэ
3.1. Зорчигч тээвэрлэхэд баримтлах үнийг энэхүү аргачлалын 1.2-т заасныг баримтлан тогтооно.
3.2. Зорчигчийн төлсөн суудлын өртгөөс бага өртөгтэй суудал зорчигчид олгосон бол өртгийн зөрүүг тээвэрлэгч түүнд буцааж олгоно.
3.3. Тухайн усан замын тээврийн хэрэгсэлд зорчигчид суудал олгох боломжгүй бол тээвэрлэгч өөр усан замын тээврийн хэрэгсэлд зохих суудал түүнд олгоно.
3.4. Усан замын тээврийн хэрэгсэл хөдлөхөөс 6 цагийн өмнө зорчигч аялалаас татгалзаж тасалбараа буцаасан бол тээвэрлэгч үнийг нь бүрэн буцааж өгнө. Энэ хугацаанаас хожимдуулж гэхдээ усан замын тээврийн хэрэгсэл хөдлөхөөс өмнө тасалбараа буцаасан, түүнчлэн эмнэлгийн байгууллагаар баталгаажуулсан лавлагаатай, өвчний улмаас усан замын тээврийн хэрэгслээс хоцорсон зорчигчид тасалбарын үнийг буцааж олгоно.
3.5. Аялалын замд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас аялалаа цаашид үргэлжлүүлэх боломжгүй тохиолдолд тасалбарын үнийн зөрүүг тооцож зорчигчид буцааж олгоно.
3.6. Боомт, зогсоолын гар тээш хадгалах газар нь зорчигчдын гар тээшийг хүлээн авч тасалбар шаардахгүйгээр зохих төлбөрийг авч хадгална. Тээш хүрэлцэн ирсэн өдрийн дараа өдрөөс эхлэн тооцож 24 цагийн хугацаанд түүнийг хүргэсэн боомт, зогсоолд үнэ төлбөргүй хадгалах ба үүний дараа тээш хадгалсны хөлсийг авна.
3.7. Сарын дотор эзэн нь шаардаж аваагүй тээшийг баримт үйлдэж орон нутгийн засаг захиргаанд хүлээлгэн өгнө.
3.8. Тээш ирэх хугацаа дууссанаас хойш 30 хоногийн хугацаа өнгөрвөл зорчигч, тээшийг алдагдсан гэж үзэж үнэ, өртөг төлөхийг Тээвэрлэгчээс шаардах эрхтэй.
3.9. Зорчигчийн авч явах гар тээшийн боломжит кг-ийн хэмжээг усан замын тээврийн хэрэгслийн даацаас хамааруулан тээвэрлэгч тогтооно.
3.10.Зорчигч илүү жинтэй гар тээш авч явбал илүү кг бүрт нэмэлт төлбөр төлнө.
3.11.Зорчигч тасалбар худалдан авсан боомт, зогсоолоос хүрэх боомт, зогсоол хүртэл илүү кг жинтэй гар тээш тээвэрлэсэн өртгийг ачааны үнэ тарифаар тооцож төлнө.
3.12. Зорчигч торгууль төлөөгүй буюу илүү жинтэй гар тээш тээвэрлэсэн өртгийг төлөөгүй бол хуулиар тогтоосон журмаар албадан төлүүлнэ.
Дөрөв. Аврах, чирэх ажиллагааны үед баримтлах үнэ, тариф
4.1. Аюул, осолд өртсөн усан замын тээврийн хэрэгсэлд тусламж үзүүлсэн, үр дүнд нь усан замын тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, тээвэрлэгдэж байсан зорчигчид, ачаа эсвэл бусад үнэт зүйлсийг бүрэн буюу хэсэгчлэн хамгаалсан бол аврах, туслах үйл ажиллагаа гүйцэтгэсэн иргэн, хуулийн этгээдэд шагнал урамшуулал өгч болно.
4.2. Тусламж үзүүлсний төлөөх мөнгөн шагнал урамшилд үйлчилгээний хөлсөөс гадна, тусламж үзүүлэх явцад гарсан бүх зардал орно.
4.3. Мөнгөн шагнал урамшууллын хэмжээг талуудын гэрээ, хэлэлцээрээр, байхгүй тохиолдолд харилцан зөвшилцөж тодорхойлно.
4.4. Тусламж үзүүлсний төлөөх мөнгөн шагналын хэмжээ аварсан эд хөрөнгийн өртгөөс хэтэрч болохгүй.
4.5. Аврагдсан зорчигчид өөрсдийг нь аварсны төлөө шагнал урамшуулал төлөхгүй. Харин аврах ажиллагаанд оролцож эд хөрөнгө хамгаалсан этгээд зорчигчдыг аврах ажиллагаанд оролцсон этгээдтэй нэгэн адил нийтлэг шагнал урамшуулалаас хувь авч болно.
- - - o O o - - -
Текст томруулах
A
A
A