- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ
ЭРЧИМЖҮҮЛЭХ ТУХАЙ
2007 оны 12 дугаар сарын 26-ны өдөр
Дугаар 346
Улаанбаатар хот
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Иргэд аюулгүй орчинд тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Улаанбаатар хот дахь цагдаагийн эргүүлийн байршлыг шинэчлэн тогтоож, 24 цагийн горимд шилжүүлэх ажлыг зохион байгуулж, цагдаагийн алба хаагчдыг ажлын байр, ажиллах нөхцөлөөр хангах арга хэмжээг 2008 оны 1 дүгээр сард багтаан авч дүнг Засгийн газарт танилцуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Мөнх-Оргил, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Ц.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.
2. Гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журмыг хамгаалах ажлын үр дүнг дээшлүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагын зохион байгуулалтын бүтцийг боловсронгуй болгох, цагдаагийн нэг албан хаагчийн үйлчлэх хүн амын тоог оновчтой болгох саналыг боловсруулж 2008 оны 1 дүгээр сард Засгийн газарт танилцуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Мөнх-Оргилд даалгасугай.
3. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийн тоо, төрлийн норматив болон согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортоор оруулах, худалдах тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд тавьж байгаа хяналтын тогтолцоог судалж, Архидан согтуурахтай тэмцэх тухай, Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай, Зар сурталчилгааны тухай хуулиудад холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг боловсруулж 2008 оны 1 дүгээр улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Мөнх-Оргил, Сангийн сайд Ч.Улаан, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ц.Ганхуяг, Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүү, Эрүүл мэндийн сайд Б.Батсэрээдэнэ нарт даалгасугай.
4. Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний стандартын хэрэгжилтийг 2008 оны 1 дүгээр сард багтаан шалгаж, илэрсэн зөрчлийг арилгаж, иргэдийн ая тухтай, аюулгүй зорчих нөхцөлийг хангахад чиглэсэн тодорхой арга хэмжээ авч дүнг 2008 оны 2 дугаар сард Засгийн газарт танилцуулахыг Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Р.Раш, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
5. Орон сууцны урт хугацааны зээлд үе шаттайгаар хамруулан цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын орон сууцны хангамжийг сайжруулах, "40000 айлын орон сууц хөтөлбөр"-ийн хүрээнд шинээр барих орон сууцны хороолол, бичил хэсгүүдийн зураг төсөвт цагдаагийн хэлтэс, тасгийн албан байр, ажиллагсдын орон сууцыг тусгах талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Цолмон, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Мөнх-Оргил, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.МӨНХ-ОРГИЛ
Текст томруулах
A
A
A
