A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2008 оны 7 дугаар сарын 9-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 282

ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХАНГАМЖИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай хуулийн 6.5, Онцгой албан татварын тухай хуулийн 6.7, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11.4, "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Улсын Их Хурлын 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 43 дугаар тогтоол, "Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 48 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр санхүүжүүлж бензин шатахууны нөөц хэлбэрээр байршуулах газрын тосны бүтээгдэхүүнийг худалдан авах, тээвэрлэх, хадгалах, худалдах, нөхөн бүрдүүлэх, хяналт тавих үйл ажиллагааг зохицуулах журам"-ыг 1 дүгээр хавсралт, "Газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн 2008 онд Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр улсын хэмжээнд бүрдүүлэх газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн нэр төрөл, тоо хэмжээ, байршил"-ыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2. Энэхүү тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан журмын дагуу 2008 оны 7, 8 дугаар сард багтаан газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй газрын тосны нөөцийн бүтээгдэхүүн хадгалах тухай гурвалсан гэрээ байгуулахыг Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүү, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгаж, нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулахыг Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүүд үүрэг болгосугай.

3. 2008 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс мөн оны 7 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд улсын хилээр импортолж байгаа болон дотоодын зах зээлд худалдан борлуулж байгаа автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг "О" хувь, нэмэгдсэн өртгийн албан татварыг 5 хувиар, 2008 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс онцгой албан татварыг "О" хувь, гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг "О" хувиар тус тус тогтоосугай.

(Энэ зүйлийг 2008-10-08-ны 8 дугаар тогтоолоор 2008-10-15-ны өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсон)

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2008 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 247 дугаар тогтоолын 4 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

5. Энэхүү тогтоолын биелэлтийн талаар Засгийн газарт тогтмол танилцуулж байхыг Сангийн сайд Ч.Улаан, Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүү нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Сангийн сайд Ч.УЛААН

Үйлдвэр,худалдааны сайд Х.НАРАНХҮҮ