- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ,МЭРГЭЖИЛТЭН АВАХ,АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2008 оны 7 дугаар сарын 9-ний өдөр
Дугаар 283
Улаанбаатар хот
ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ,МЭРГЭЖИЛТЭН АВАХ,АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ
Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Азийн хөгжлийн банк, БНСУ-ын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа Чойр-Сайншанд-Замын-Үүдийн чиглэлийн 432 км хатуу хучилттай зам, барилгын ажлын гүйцэтгэгч БНСУ-ын "Ханшин инжиниринг констракшн" ХХК-ийн 181, БНХАУ-ын "Чайна гео-инжиниринг" корпорацийн 191, "Шенгли инжиниринг энд констракшн" ХХК-ийн 180 инженер, техникийн ажилтан болон "Хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол тэжээл" Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа "Монгол алтан тос" ХХК-ийн монгол ажилчдыг дадлагажуулах ОХУ-ын 22 инженер, техникийн ажилтнуудад 2008 онд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг зохих журмын дагуу олгохыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Д.Дэмбэрэлд зөвшөөрсүгэй.
2. Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хайгуул, судалгааны ажил гүйцэтгэж байгаа "Петрочайна дачин тамсаг" ХХК-ийн 1800, "Монгол алтан тос" ХХК-ийн 22 инженер, техникийн ажилтнуудыг энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан хугацаанд ажлын байрны төлбөрөөс чөлөөлсүгэй.
3. Энэхүү тогтоолын дагуу авч ажиллуулах гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг 2008 онд багтаан буцаан гаргах ажлыг зохион байгуулж, дүнг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд мэдээлэхийг Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Р.Раш, Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүү, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ц.Ганхуяг нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
