A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2009 оны 7 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар 228

Улаанбаатар хот

ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ,МЭРГЭЖИЛТЭН АВАХ,АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Азийн хөгжлийн банк, БНСУ-ын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа Чойр-Сайншанд-Замын-Үүдийн чиглэлийн 432 км хатуу хучилттай зам барилгын ажлын гүйцэтгэгч БНХАУ-ын "Чайна Гео-Инжиниринг Корпорац"-ийн 330, "Шингли инжиниринг энд констракшн" компанийн 92, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтын сангийн зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа Эрдэнэт-Булган-Уньтын чиглэлийн 146 км хатуу хучилттай замын төслийн гүйцэтгэгч "Насны зам" ХХК-ийн 170, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд баяжуулах үйлдвэр болон цахилгаан станц барих "Энержи ресурс" ХХК-ийн 500 инженер техникийн болон мэргэжлийн ажилтанд 2009 онд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг зохих журмын дагуу олгохыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандид зөвшөөрсүгэй.

2. "Чайна Гео-Инжиниринг Корпорац"-ийн 330, "Шингли инжиниринг энд констракшн" компанийн 92, "Насны зам" ХХК-ийн 170, "Энержи ресурс" ХХК-ийн 500 инженер техникийн ажилтнуудыг энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан хугацаанд ажлын байрны төлбөрөөс чөлөөлсүгэй.

3. Энэхүү тогтоолын дагуу авч ажиллуулах гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг 2009 онд багтаан буцаан гаргах ажлыг зохион байгуулж, дүнг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэхийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.ГАНДИ