- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАДААД БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭГДЭН ЗОХИЦУУЛАЛТЫГ САЙЖРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2013 оны 169-р хүчингүй болсон/

/ЗГ-ын 2013 оны 169-р хүчингүй болсон/
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ГАДААД БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ЗОХИЦУУЛАЛТЫГ САЙЖРУУЛАХ ТУХАЙ
2010 оны 6 дугаар сарын 30-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 162
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Гадаад улс, олон улсын байгууллага, гадаадын аж ахуйн нэгжтэй улс төр, эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, техник, соёл, хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллах асуудлыг гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагатай уялдуулан зохицуулж байх зорилгоор дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай:
1.1. Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлоготой холбоотой, хөгжлийн томоохон асуудлаар яриа хэлэлцээ хийхдээ гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын төлөөллийг оролцуулж байх;
1.2. Монгол Улс болон Засгийн газрыг төлөөлөн олон улсын хуралд оролцох төлөөлөгчдөд гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаар эрхийн үнэмлэхийг хугацаанд нь олгуулж байх;
1.3. Сайд, дэд сайд, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн даргын түвшинд хэрэгжүүлсэн айлчлалын дүн, тохиролцсон арга хэмжээний талаархи мэдээллийг гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад тухай бүр хүргүүлж байх;
1.4. Аймаг, нийслэлийн Засаг даргын түвшинд хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагатай урьдчилан зөвшилцөж, илтгэх хуудсыг тухай бүр ирүүлж байх;
1.5. Сум, дүүргийн Засаг даргын түвшинд хэрэгжих гадаад айлчлал, арга хэмжээний талаар аймаг, нийслэлийн Засаг дарга нар удирдамж, чиглэл өгч байх;
1.6. Гадаадын ижил төрлийн байгууллагатай аливаа асуудлаар хамтын ажиллагааны баримт бичиг байгуулахдаа гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагатай урьдчилан зөвшилцөх;
1.7. Гадаад хамтын ажиллагааны тухай мэдээллийг хагас жил тутам, тайланг жилийн эцэст гаргаж, гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж байх.
2. Гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдсэн зохицуулалтыг сайжруулах талаар дараахь арга хэмжээ авч ажиллахыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт үүрэг болгосугай.
2.1. Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагуудад гадаад бодлого, үйл ажиллагааны талаархи мэдээллийг хагас жил тутамд хүргүүлж байх;
2.2. Монгол Улсаас гадаад оронд суугаа болон гадаад орноос Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газраас ирүүлж байгаа гадаад харилцаатай холбоотой шуурхай мэдээллийг холбогдох байгууллагад цаг алдалгүй хүргүүлж байх;
2.3. Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагуудын гадаад харилцааны асуудал хариуцсан нэгжийн ажилтан нарт зориулж гадаад харилцаанд баримтлах бодлого, чиглэл, дипломат ёслол, яриа хэлэлцээ явуулах арга зэрэг асуудлаар жил бүрийн I улиралд багтаан сургалт, семинар зохион байгуулж байх;
2.4. Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагуудын гадаад хамтын ажиллагааны жилийн тайланг нэгтгэн Монгол Улсын гадаад харилцааны нэгдсэн тайлан гаргаж, дараа оны 2 дугаар сарын 1-ний дотор Засгийн газарт санал, дүгнэлтийн хамт танилцуулж байх.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Гадаад хамтын ажиллагааны зохицуулалтыг сайжруулах тухай" Засгийн газрын 1996 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 321 дүгээр тогтоолыг хүчингүйд болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
