A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ГАМШГААС СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2004 оны 2 дугаар сарын 11-ний өдөр

Улаанбаатархот

Дугаар 35

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Болзошгүй хүчтэй газар хөдлөлтийг судлах, инженер- сейсмологийн судалгаанд шаардлагатай нүүдлийн станц авахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг Шинжлэх ухааны академийн саналыг үндэслэн хандивлагч орнуудын зээл, тусламжийн хүрээнд болон улсын төсөвт тусгах замаар шийдвэрлэхийг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжид нарт даалгасугай.

2. Инженер-сейсмологийн иж бүрэн судалгаа хийж, газар хөдлөлтийн бичил мужлалын зураг зохиох арга хэмжээнд жил бүр хоёроос доошгүй хот, суурин газрыг хамруулж, шаардагдах хөрөнгийг шинжлэх ухаан, технологийн сан болон улсын төсвөөс санхүүжүүлж байхыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжид, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.

3. Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн газрын Газар хөдлөлт, техникийн магадлалын албанд барилга байгууламжийн хийц, бүтээцийн чанар байдлыг тогтооход хэрэглэх төхөөрөмж худалдан авахад шаардагдах 45.0 (дөчин таван) сая төгрөгийг улсын төсвийн хуваарилагдаагүй зардлаас гаргахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд зөвшөөрч тус албаны үйл ажиллагааны 2004 оны урсгал зардалд шаардагдах 45.8 (дөчин таван сая найман зуун мянган) сая төгрөгийг төсвийн багцдаа багтаан санхүүжүүлж цаашид уг зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгаж байхыг Дэд бүтцийн сайд Б.Жигжидэд үүрэг болгосугай.

4. Монгол Улсад ашиглагдаж байгаа мэдээлэл, холбооны техник хэрэгсэлд тулгуурлан гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэл дамжуулах тогтолцоог 2004 онд шинэчлэн байгуулахыг Дэд бүтцийн сайд Б.Жигжид, Гамшгаас хамгаалах ерөнхий газрын дарга П.Даш нарт даалгасугай.

5. Баригдсан барилга байгууламжийн газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварыг үнэлж паспортжуулах ажлыг 2004-2005 онд багтаан дуусгаж газар хөдлөлтийн тэсвэрлэлтийн шаардлага хангаагүй орон сууц болон бусад барилгын талаар авах арга хэмжээний тухай санал боловсруулж Засгийн газарт танилцуулахыг Дэд бүтцийн сайд Б.Жигжид, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

6. Газар хөдлөлтийн үед биеэ хамгаалах болон газар хөдлөлтийн хор уршгийн талаар сургалт сурталчилгааг радио, телевизээр 2004 оноос эхлэн явуулж байхыг Дэд бүтцийн сайд Б.Жигжид, Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын дарга Б.Ганболд, Гамшгаас хамгаалах ерөнхий газрын дарга П.Даш нарт үүрэг болгосугай.

7. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Газар хөдлөлтөөс учрах хохирлыг багасгах, урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1998 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 206 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН

Дэд бүтцийн сайд Б.ЖИГЖИД