- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГОВИЙН БҮСИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2012 оны 5 дугаар сарын 2-ны өдөр
Дугаар 144
Улаанбаатар хот
ГОВИЙН БҮСИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Тавантолгой, Оюутолгой орчмын газар нутагт байгаль орчны үнэлгээ хийлгэх ажлыг эрчимжүүлж, тухайн бүс нутгийн малчдын өвөлжөө, хаваржаа уул уурхайн эдэлбэр газартай давхардсан тохиолдолд нөхөн олговор олгох асуудлыг судалж, шийдвэрлэх арга хэмжээ авахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа нарт даалгасугай.
2. Дараахь асуудлаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Сангийн сайд Д.Хаянхярваад даалгасугай:
2.1. Түүхий нүүрс, төмрийн хүдэрт экспортын татвар ногдуулах талаар санал боловсруулж шийдвэрлүүлэх;
2.2. "Замын-Үүд" хилийн боомтын ачааны автомашин шалган нэвтрүүлэх цогцолбор, зам талбайн өргөтгөлийн ажил болон уг цогцолбороос гаалийн рентген хяналтын талбай хүртэлх 2.3 км хатуу хучилттай авто замыг 2012 оны эхний хагас жилд багтаан ашиглалтад оруулах арга хэмжээ авах.
З. "Сайншанд" аж үйлдвэрийн цогцолборын үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах бүтцийн талаар тодорхой санал боловсруулж, энэ оны 5 дугаар сард багтаан Засгийн газарт оруулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нарт даалгасугай.
4. "Замын-Үүд" боомтод үүсч байгаа авто тээврийн хэрэгслийн бөөгнөрлийг багасгах зорилгоор хилийн хяналт шалгалт явуулах талбайг өргөтгөж, ачааны автомашины шалган нэвтрүүлэх цогцолбороос БНХАУ-ын Эрээний боомт хүртэл 1 км, мөн тус цогцолбороос төмөр замын шилжүүлэн ачих III терминал хүртэл 8 км хатуу хучилттай авто замыг барих хөрөнгийн асуудлыг 2012 оны эхний хагас жилд багтаан зээл, тусламж болон бусад эх үүсвэрээр шийдвэрлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Д.Хаянхярваа, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Д.Мандах нарт тус тус даалгасугай.
5. Хот суурин, орон нутгийн ажилгүй иргэдийг бүртгэж, уул уурхай, аж үйлдвэрийн салбарт шаардлагатай мэргэжил олгох, мэргэшүүлэх сургалтад хамруулах, уул уурхайн болон шинээр байгуулж байгаа үйлдвэрүүдэд ажиллах монгол ажилчдыг ажлын байраар хангах зорилгоор Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдэд зохион байгуулалттайгаар элсүүлэн сургах зэрэг цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.ХҮРЭЛБААТАР
Текст томруулах
A
A
A
