A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2005 оны 6 дугаар сарын 7-ны өдөр

Дугаар 119

Улаанбаатар хот

ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ (Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэм)

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 11.1.1-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. "Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэм"-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай

2. Засгийн газрын шийдвэрээр хийж байгаа шигшмэл, бүсийн уралдааныг тухайн шатны Засаг дарга, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны хурдан морины салбар хороо, биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, морин спортын холбоод хамтран зохион байгуулж байх нь зүйтэй гэж үзсүгэй

3. Намрын сүүл сараас хаврын тэргүүн сарын шинийн 3-ныг хүртэлх хугацаанд аймаг, сумын хэмжээнд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байхыг аймаг, сумдын Засаг дарга нарт даалгасугай.

4. Хурдан морины 2005 оны бүсийн уралдааны хуваарийг дор дурдсанаар тогтоосугай:

-хангайн бүсийн хурдан морины уралдааныг Өвөрхангай аймагт;

-баруун бүсийн хурдан морины уралдааныг Увс аймагт;

-"Дүнжингаравын хурд-2005" төвийн бүсийн хурдан морины уралдааныг Төв аймагт;

-"Дорнод монголын хурд-2005" зүүн бүсийн хурдан морины уралдааныг Дорнод аймагт.

5. Хаврын уралдаанд азарга, соёолонг 16 км, их насны морьдыг 18 км зайд уралдуулж байхаар тогтоосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ

Монгол Улсын Шадар сайд Ч.УЛААН

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар 257

Улаанбаатар хот

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 15.1.1, 15.1.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дүрэм"-ийг 1 дүгээр хавсралт, "Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм"-ийг 2 дугаар хавсралт, "Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэм"-ийг 3 дугаар хавсралт, "Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харвааны дүрэм"-ийг 4 дүгээр хавсралт, "Үндэсний их баяр наадмын үндэсний шагайн харвааны дүрэм"-ийг 5 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

(Энэ тогтоолын 2 дугаар хавсралтад Засгийн газрын 2023 оны 254 дугаар тогтоол, 3 дугаар хавсралтад Засгийн газрын 2023 оны 255 дугаар тогтоолоор  тус тус нэмэлт, өөрчлөлт орсон)

2. Энэ тогтоолын 1-д заасан дүрмийг хэрэгжүүлж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дүрэм батлах тухай" Засгийн газрын 2003 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 164 дүгээр, "Дүрэмд өөрчлөлт оруулах тухай" 2004 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 151 дүгээр, "Дүрэм шинэчлэн батлах тухай" 2005 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 119 дүгээр, "Үндэсний их баяр наадмын талаар авах зарим арга хэмжээний тухай" 2009 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 169 дүгээр, "Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 212 дугаар, "Дүрэм шинэчлэн батлах тухай" 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 178 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын Шадар сайд С.АМАРСАЙХАН