- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДҮРЭМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ДҮРЭМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2006 оны 6 дугаар сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 148
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 11.1.1-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Засгийн газрын 2005 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 119 дүгээр тогтоолоор батлагдсан "Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэм"-д дор дурдсан нэмэлт, өөрчлөлт оруулсугай:
1. Дүрмийн 3.1-д "3.1.7. уяач нь унаач хүүхдийн төрсний гэрчилгээ болон эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг бүрдүүлсэн байх;", "3.1.8. уяач нь уралдааны үед мориноос унаж бэртэж гэмтсэн унаач хүүхдийн талаар эрүүл мэндийн болон хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагад заавал мэдэгдэж, дэмжлэг туслалцаа үзүүлсэн байх." гэсэн 7, 8 дахь заалтыг, мөн дүрмийн 5.4-т "унаач хүүхдийн биед" гэсний дараа "хойд, урд талаас нь" гэж, 6.5-д "даамлын дохиогоор эргээгүй" гэсний дараа "болон замаас оруулсан" гэж, 7.4-т "Уралдааны" гэсний дараа "үед унаач хүүхэд унаж бэртэх, уралдааны" гэж тус тус нэмсүгэй;
2. Дүрмийн 7.6-г "Салбар хороо нь энэхүү дүрмийн 6.3, 7.1, 7.2, 7.4, 7.7-д заасан нөхцөлөөр тээврийн хэрэгсэлд морины уралдаан дагах таних тэмдэг бүхий зөвшөөрөл олгох бөгөөд Салбар хорооны зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслээр морины уралдаан дагахыг хориглоно" гэж, мөн дүрмийн 9.1-ийн эхний өгүүлбэрийг "Баяр наадамд түрүүлсэн, айрагдсан морьдыг эзэн, уясан уяач, унаач хүүхдийн нэрээр цоллон алдаршуулж, бай шагналыг наадамчдын өмнө олгоно" гэж тус тус өөрчлөн найруулсугай;
3. Дүрмийн 2.5.3-ын "хүүхдийн хамгаалалтын малгай" гэснийг "тусгай зориулалтын хамгаалалтын малгай" гэж, дүрмийн 5.2.1-ийн "төрсний гэрчилгээ" гэснийг "төрсний гэрчилгээ болон эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ" гэж, 9.2-ын "20 хувь нь" гэснийг "20-иос доошгүй хувь нь" гэж, 10.1-ийн "оролцсон морины тоо," гэснийг "оролцсон морьд, унаач хүүхдийн тоо" гэж тус тус өөрчилсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАТБОЛД
Текст томруулах
A
A
A
