- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДЭД СТАНЦАД ГАРСАН АВААРИЙН МӨРӨӨР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2008 оны 3 дугаар сарын 19-ний өдөр
Дугаар 107
Улаанбаатар хот
ДЭД СТАНЦАД ГАРСАН АВААРИЙН МӨРӨӨР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Төвийн бүсийн эрчим хүчний системийн "Өмнөд дэд станц"-д гарсан аваарийн хор уршгийг шуурхай арилгах, дэд станцыг сэргээн босгох, хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хэвийн хангахад шаардагдах 3550.0 (гурван тэрбум таван зуун тавин) сая төгрөг болон цаашид хуучирч аваарийн байдалтай байгаа цахилгаан, дулааны шугам сүлжээг сольж шинэчлэхэд шаардагдах хөрөнгийг төсвийн багцдаа зохицуулалт хийх замаар шийдвэрлэж, үүнтэй холбогдуулан Монгол Улсын 2008 оны төсвийн тухай хуульд нэмэлт оруулах асуудлыг шийдвэрлүүлэх арга хэмжээ авахыг Түлш, эрчим хүчний сайд Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд Ч.Улаан нарт тус тус үүрэг болгосугай.
2. Улаанбаатар хотын цахилгаан, дулааны хангамжийг цаашид найдвартай болгох, өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэгцээг хангах чиглэлээр бодлогын чанартай асуудлыг боловсруулж хэрэгжүүлэх арга хэмжээ авах, 35/6 кВ, 35/10 кВ-ын дэд станцын барилга угсралтын ажлыг 2008 оны эхний хагас жилд багтаан хийж дуусгахыг Түлш, эрчим хүчний сайд Ч.Хүрэлбаатар, нийслэлийн Засаг дарга Т.Билэгт нарт даалгасугай.
3. Түлш, эрчим хүчний салбарын улсын нөөцөд байх шаардлагатай тоног төхөөрөмж, сэлбэг материалын талаар санал боловсруулж 2008 оны 4 дүгээр сард багтаан шийдвэрлүүлэхийг Түлш, эрчим хүчний сайд Ч.Хүрэлбаатар, Онцгой байдлын ерөнхий газрын дарга /Ц.АМГАЛАНБАЯР/ нарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Сангийн сайд Ч.УЛААН
Түлш, эрчим хүчний сайд Ч.ХҮРЭЛБААТАР
Текст томруулах
A
A
A
