- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДҮРЭМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2008 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр
Дугаар 30
Улаанбаатар хот
ДҮРЭМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Дотоодын цэргийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2003 оны 35 дугаар тогтоолоор баталсан "Дотоодын цэргийн алба-ажиллагааны дүрэм"-д дор дурдсан агуулга бүхий 11, 40.5, 98, 99, 100 дахь заалт, хэсэг нэмсүгэй:
1/"11. Дотоодын цэргийн алба-ажиллагаа гэж улсын онц чухал объектыг хамгаалах, нийгмийн хэв журам сахиулах, гэмт хэргийг таслан зогсооход оролцох болон хуулиар тогтоосон бусад үүргийг хэрэгжүүлэхээр явуулж байгаа цогцолбор ажиллагааг хэлнэ."
2/ "40.5. Дохиолол, теле хяналтын болон инженер, техникийн хэрэгслийг ашиглах журам, таних нэр."
3/ "Албаны бэлэн байдал
98. Анги, тусгай салбарууд тавигдсан үүргийг амжилттай биелүүлэх чадвартай байхыг албаны бэлэн байдал гэнэ.
99. Албаны бэлэн байдлын зэргийг Дотоодын цэргийн дарга тогтоож, удирдамж, төлөвлөгөөг батлана.
100. Албаны бэлэн байдлыг хангах үүргийг анги, тусгай салбарын захирагч хүлээнэ."
2. Мөн дүрмийн 2 дахь заалтын "... аврах ажилд болон" гэсний дараа "хөл хорио" гэж, дүрмийн 33 дахь заалтын "... хоногийн төлөвлөгөөнд" гэсний дараа "өнгөрсөн хоногийн цагийн байдал, зөрчил гарч болзошгүй чиглэл, хэсэг, объектын газар, оронд үзлэг хийх цаг, маршрут, албаны нохойг харуулын цэгт уях цаг," гэж, дүрмийн 54.1-ийн "... уян хатан" гэсний дараа "шуурхай" гэж, дүрмийн 61 дэх заалтын "... объектын хамгаалалтын бүсийг" гэсний дараа "дохиолол, теле хяналтын болон" гэж тус тус нэмсүгэй.
3. Дүрмийн 3 дахь заалтыг "Дотоодын цэргийн дарга нь улсын онц чухал обьектын хамгаалалтад мөрдөх стандартыг тогтоож, аюулгүйн арга хэмжээний зааврыг баталж, алба-ажиллагааг зохион байгуулах удирдамжийг хагас жил тутам гаргана." гэж, мөн дүрмийн 6 дахь заалтыг "Хамгаалж байгаа объектын хэвийн үйл ажиллагаа алдагдсан, зөрчил илэрсэн үед объектын захиргаа, харилцан ажиллагаатай байгууллага /нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага, зэргэлдээ байрлах анги, салбар/-тай мэдээлэл солилцох, тэдгээрийн хүч хэрэгслийг ашиглах журмыг анги, тусгай салбарын захирагч, объектын захиргаа, тухайн байгууллагын удирдлагатай хамтран тогтооно." гэж, дүрмийн 14 дэх заалтыг "Захирагч нь алба-ажиллагааг зохион байгуулах тухай шийдвэрийг улирал бүр тушаалаар гаргах бөгөөд тушаалд дараахь асуудлыг тусгана:
14.1. алба-ажиллагааны бодомж, үүрэг, түүнийг биелүүлэх хугацаа, хүч хэрэгслийг төвлөрүүлэх чиглэл, ашиглах журам, албаны бэлэн байдлыг хангах арга хэмжээ;
14.2. өнгөрсөн улирлын алба-ажиллагаа, цагийн байдалд хийсэн дүгнэлт;
14.3. салбаруудын үүрэг, тавигдсан үүргийг биелүүлэх хугацаа, журам, хамгаалалтын инженер-техникийн хэрэгслээр объектыг төхөөрөмжлөх, түүнийг ашиглах журам;
14.4. цэргийн сахилга, дэг журмыг сайжруулах, аюулгүйн арга хэмжээг сахиулах, бүх төрлийн хангалтыг зохион байгуулахад тавигдах үүрэг;
14.5. хамгаалж байгаа объектын захиргаа, харилцан ажиллагаатай болон бусад байгууллагатай харилцан ажиллах үед тавигдах үүрэг, шаардагдах хүч хэрэгслийн тооцоо, штаб, төрөл мэргэжлийн албад харилцан ажиллах журам, цагийн байдлын мэдээг харилцан мэдээлэх журам;
14.6. удирдлага, холбооны зохион байгуулалтыг боловсронгуй болгох, холбоо харилцааны системийг тодотгох, хяналт шалгалтыг зохион байгуулах арга хэмжээ;
14.7. зэвсэг, тусгай хэрэгсэл, албаны нохой ашиглах журам;
14.8. цаашид алба-ажиллагааг зохион байгуулах бодомж." гэж, дүрмийн 15 дахь заалтыг "Алба-ажиллагааг тасралтгүй удирдлагаар хангаж, зохион байгуулах, шуурхай байдлыг хангах үүрэг бүхий шуурхай удирдлагын жижүүрийг хоног тутам томилно. Түүний ажиллах журмыг Дотоодын цэргийн дарга тогтооно." гэж, дүрмийн 51 дэх заалтыг "Үүрэг гүйцэтгэж байгаа харуул, цэргийн манааны бүрэлдэхүүнийг татан буулгах, өөрчлөлт оруулахыг Дотоодын цэргийн дарга, харуулын цэгийн байрлалд өөрчлөлт оруулахыг анги, тусгай салбарын захирагч, харуулд томилогдсон алба хаагчийг өөрчлөх асуудлыг салбарын захирагч тус тус шийдвэрлэнэ." гэж, дүрмийн 69.6-г "хамгаалалтад мөрдөх стандарт, аюулгүйн арга хэмжээний зааврыг мэдэж, мөрдөж ажиллах." гэж, мөн дүрмийн 75.2-ыг "объектод хүн, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх болон бараа материалыг оруулах, гаргах журам;" гэж тус тус өөрчлөн найруулсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
