A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БОЛОН ДОТУУР БАЙРНЫ НЭГ СУРАГЧИД НОГДОХ ХУВЬСАХ ЗАРДЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БОЛОН ДОТУУР БАЙРНЫ НЭГ СУРАГЧИД НОГДОХ ХУВЬСАХ ЗАРДЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

2000 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 186

Боловсролын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Аймгийн төв, нийслэлийн сургуулиудын нэг сурагчид ногдох хувьсах зардлын хэмжээг 1 дүгээр хавсралт, байршил хэв шинжээс нь хамааруулан бусад сургуулиудын нэг сурагчид ногдох хувьсах зардлын хэмжээг тооцох итгэлцүүрийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Дотуур байранд амьдрах ерөнхий боловсролын сургуулийн болон мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн анхан шатны /8 дугаар анги төгсөөд элссэн/ ангийн нэг сурагчид ногдох хувьсах зардлын хэмжээг шинэчлэн 120589 төгрөгөөр, үүнээс хоолны зардал нь 105668 төгрөг байхаар тогтоосугай.

3. Ерөнхий боловсролын сургуулийн болон сурагчдын дотуур байрны цахилгаан, дулаан, ус, тээврийн зардлыг тухайн сургуулийн байршил, хэв шинжийг харгалзан орон нутгийн төсвөөс санхүүжүүлж байсугай.

4. Ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн дотуур байрны нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын хэмжээг үндэслэн сургуулийн төсвийн төлөвлөгөөг боловсруулж байхыг төсвийн захирагч нарт даалгасугай.

5. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Ерөнхий боловсролын сургуулийн болон дотуур байрны нэг сурагчид ногдох хувьсах зардлын хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 1999 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 144 дүгээр тогтоол, "Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн анхан шатны ангийн нэг суралцагчид ногдох хувьсах зардлын хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 2000 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 97 дугаар тогтоолын 2,4 дүгээр зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.