A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2002 оны 10 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 219

Улаанбаатар хот

ЖАГСААЛТ, ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ" Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодлосон барааны жагсаалт"

Гаалийн тухай хуулийн 5 дугаар зүйл, Улсын Их Хурлын 1998 оны 5 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. "Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодлосон барааны жагсаалт"-ыг 1 дүгээр хавсралт, "Улсын хилээр төрийн хяналтын дор нэвтрүүлэх бараанд экспорт, импортын лиценз олгох журам"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай. /Энэ тогтоолын 1-р хавсралтад ЗГ-ын 2014-12-1-ний өдрийн 379-р тогтоолоор нэмэлт, өөрчлөлт, ЗГ-ын 2015-10-19-ний өдрийн 410, ЗГ-ын 2015-12-14-ний өдрийн 485, ЗГ-ын 2016-1-11-ний өдрийн 32-р тогтоолоор өөрчлөлт тус тус орсон/

2. Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан барааг улсын хилээр нэвтрүүлэх экспорт, импортын лиценз олгох асуудлыг хянан шийдвэрлэж байхыг холбогдох сайд нарт үүрэг болгосугай.

3. Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан барааг улсын хилээр нэвтрүүлэх экспорт, импортын лиценз олгосон мэдээг Үйлдвэр, худалдааны яаманд улирал бүр хүргүүлж байх, лиценз олгох үйл ажиллагаатай холбоотой журам, зааврыг шат дамжлагагүй, ил тод байдлыг хангах чиглэлээр хянан шинэчлэн боловсруулж мөрдүүлэхийг Байгаль орчны сайд У.Барсболд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжид, Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзориг, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал, Эрүүл мэндийн сайд П.Нямдаваа нарт тус тус даалгасугай.

4. Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодлосон барааны жагсаалтад заагдаагүй боловч Монгол Улсын олон улсын гэрээнд экспорт, импортын лиценз олгохоор тусгайлан заасан бараанд тухайн салбарын төрийн захиргааны төв байгууллага нь энэ тогтоолын 2 дугаар хавсралтад заасан журмын дагуу лиценз олгож байхаар тогтоосугай.

5. Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодлосон барааны жагсаалтад заагдаагүй боловч улсын хилээр нэвтрүүлэхэд төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авч байхаар холбогдох хууль тогтоомжид заасан барааг улсын хилээр нэвтрүүлэх журмыг энэ онд багтаан баталж энэхүү тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн нэгэн зэрэг мөрдүүлэхийг холбогдох сайд нарт үүрэг болгосугай.

6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон лицензтэй нэвтрүүлэх барааны кодлосон жагсаалт, журам батлах тухай" Засгийн газрын 2001 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 54 дүгээр тогтоолын 2, 3 дугаар зүйл, мөн тогтоолын 2, 3 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

7. Энэ тогтоолыг 2003 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Үйлдвэр, худалдааны сайд Ч.ГАНЗОРИГ