A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2000 оны 4 дүгээр сарын 20-ний өдөр

Улаанбаатар хот

ДАРХЛААЖУУЛАЛТЫН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Хэвлэх

1.1. Монгол Улсын хүн амыг халдварт өвчнөөс сэргийлэх, дархлаажуулалттай холбогдсон харилцааг зохицуулахад энэ хуулийн зорилт оршино.

2 дугаар зүйл. Дархлаажуулалтын тухай хууль тогтоомж

Хэвлэх

2.1. Дархлаажуулалтын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Эрүүл мэндийн тухай, Эрүүл ахуйн тухай, Эмийн тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

/Энэ хэсэгт 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

Хэвлэх

3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."халдварт өвчний эсрэг дархлаажуулалт" /цаашид "дархлаажуулалт" гэх/ гэж халдварт өвчнөөс сэргийлэх, түүний тархалтыг хязгаарлах, өвчнийг устгах зорилгоор дархлаажуулах бэлдмэл хэрэглэх арга хэмжээний тогтолцоог;

3.1.2. "заавал хийх дархлаажуулалт" гэж дархлаажуулах насны бүх хүнийг заавал хамарвал зохих дархлаажуулалтыг;

3.1.3. "нөхөн дархлаажуулалт" гэж заавал хийх дархлаажуулалтын анхны болон давтан тунгаас хоцорсон хүнд дархлаажуулах бэлдмэл хэрэглэхийг;

3.1.4. "нэмэлт дархлаажуулалт" гэж хүн амын дархлалын ерөнхий түвшин буурахаас сэргийлж, урьд нь заавал хийх дархлаажуулалтад хамрагдсан эсэхийг үл харгалзан дархлаажуулах бэлдмэл хэрэглэхийг;

3.1.5. "сайн дурын дархлаажуулалт" гэж иргэн өөрийн хүсэлтээр дархлаажуулах бэлдмэл хэрэглэхийг;

3.1.6. "сэргийлэх тарилга" гэж хүн амд халдварт өвчний эсрэг өвөрмөц дархлалыг бий болгохын тулд дархлаажуулах бэлдмэл хэрэглэхийг;

3.1.7. "тарилгын дараахь хүндрэл" гэж сэргийлэх тарилгын улмаас хүний эрүүл мэндэд учирсан тогтвортой, эсхүл ноцтой хямралыг;

3.1.8. "дархлаажуулах бэлдмэл" гэж халдварт өвчний эсрэг өвөрмөц дархлал бий болгохын тулд хэрэглэх вакцин, анатоксин болон сэргийлэх бусад эмийн зүйлийг;

3.1.9. "сэргийлэх тарилгын гэрчилгээ" гэж сэргийлэх тарилгад хамрагдсаныг баталгаажуулсан баримт бичгийг;

3.1.10. "тархвар судлалын заалт" гэж халдварт өвчний голомтод халдварт өвчнөөс сэргийлэх, тархалтыг хязгаарлах, өвчнийг устгах зайлшгүй арга хэмжээний үндэслэлийг;

3.1.11. "үндэсний товлол" гэж улс орны хэмжээнд заавал хийх дархлаажуулалтад хамрагдах хүүхдийн нас, цаг хугацааны товыг.

4 дүгээр зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

Хэвлэх

4.1. Энэ хууль нь нийт иргэн болон хуулийн этгээдэд үйлчилнэ.

4.2. Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга болон түр оршин сууж байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн энэ хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Дархлаажуулалтын талаархи төрийн бодлого, дархлаажуулалтын талаар иргэний эдлэх эрх, хүлээх үүрэг

5 дугаар зүйл. Дархлаажуулалтын талаархи төрийн бодлого

Хэвлэх

5.1. Хүн амын дархлаажуулалт нь төрийн ивээлд байх бөгөөд халдварт өвчнөөс сэргийлэх, тэдгээрийн тархалтыг хязгаарлах, өвчнийг устгахад төрөөс дараахь бодлогыг хэрэгжүүлнэ:

5.1.1. иргэн бүрт сэргийлэх тарилга хийлгэх боломжийг бүрдүүлэх;

5.1.2. сэргийлэх тарилгын үндэсний товлолд орсон болон тархвар судлалын заалтаар эрүүл мэндийн байгууллагаас хийж байгаа сэргийлэх тарилгын зардлыг улсын төсвөөс гаргах;

5.1.3. сэргийлэх тарилгын дараа хүндрэл гарсан тохиолдолд иргэдэд ердийн өвчний адил тэтгэмж олгох;

5.1.4. улс, орон нутгийн хэмжээнд дархлаажуулалтын зорилтот хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх;

5.1.5. дархлаажуулалтад үр ашигтай нь тогтоогдсон дархлаажуулах бэлдмэлийг хэрэглэх;

5.1.6. дархлаажуулах бэлдмэлийн чанар, үр ашиг, хадгалалт, тээвэрлэлт болон аюулгүй байдлыг төрөөс хянах;

5.1.7. дархлаажуулах бэлдмэлийг өөрийн улс оронд үйлдвэрлэгчдэд төрөөс туслаж, энэ чиглэлийн шинэ бэлдмэл боловсруулах эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих;

5.1.8. эмнэлгийн мэргэжилтнийг бэлтгэх боловсролын стандартад дархлаажуулалтын асуудлыг тусгах;

5.1.9. халдварт өвчний тархалтыг тандах, дархлаажуулалтын түвшинг үнэлэх, хянах тогтолцоог боловсронгуй болгож, улсын хэмжээнд мэдээллийн нэгдмэл бодлого хэрэгжүүлэх.

5.2. Дархлаажуулалтын талаархи төрийн бодлогыг төв, орон нутгийн төрийн захиргааны болон эрүүл мэндийн байгууллага хэрэгжүүлнэ.

5.3. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутаг дэвсгэртээ дархлаажуулалтыг зохион байгуулах талаар дараахь үүрэг хүлээнэ:

5.3.1. /Энэ заалтыг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

5.3.2. нутаг дэвсгэрийнхээ хүн амыг дархлаажуулах тусгай хөтөлбөр батлах.

6 дугаар зүйл. Дархлаажуулалтын талаар иргэний эдлэх эрх, хүлээх үүрэг

Хэвлэх

6.1. Иргэн дархлаажуулалтын талаар дараахь эрх эдэлнэ:

6.1.1. сэргийлэх тарилгын ач холбогдол, түүнээс татгалзсан тохиолдолд гарах хор уршиг, эмнэлгийн харшлах заалт, тарилгын дараа үүсэж болох хүндрэлийн тухай бүрэн бодит мэдээллийг эрүүл мэндийн байгууллага, мэргэжилтнээс шаардаж авах;

6.1.2. сэргийлэх тарилгыг хийлгэхдээ төрийн болон холимог, хувийн өмчлөлийн аль ч хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагыг сонгох;

6.1.3. сэргийлэх тарилгын үндэсний товлолд орсон болон тархвар судлалын заалтаар хийх сэргийлэх тарилгыг төлбөргүй хийлгэх;

6.1.4. тарилгын дараахь хүндрэлийн үед төв, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад төлбөргүй эмчлүүлэх;

6.1.5. эмчийн заалтаар сэргийлэх тарилгаас татгалзах.

6.2. Иргэн дархлаажуулалтын талаар дараахь үүрэг хүлээнэ:

6.2.1. эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, шаардлагын дагуу сэргийлэх тарилга хийлгэх;

6.2.2. сэргийлэх тарилгаас татгалзсан бол түүнийгээ бичгээр, эсхүл цахим хэлбэрээр баталгаажуулах;

/Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

6.2.3. сэргийлэх тарилгад хамрагдах хугацааг эрүүл мэндийн байгууллагаас албан ёсоор мэдэгдсэн тохиолдолд сэргийлэх тарилгаас хоцрохгүй байх;

6.2.4.Олон улсын эрүүл мэндийн дүрэм болон Монгол Улсын олон улсын гэрээний дагуу тодорхой нэрийн сэргийлэх тарилга хийгдэх ёстой улс оронд зорчих тохиолдолд шаардагдах тарилгыг хийлгэх.

/Энэ заалтыг 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

7 дугаар зүйл. Аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэг

Хэвлэх

7.1. Аж ахуйн нэгж, байгууллага нь сэргийлэх тарилгад хамрагдах шаардлагатай ажил, үйлчилгээний жагсаалтад дурдсан албан тушаалд уг тарилгад хамрагдаагүй иргэнийг ажилд авах асуудлыг тодорхой хугацаагаар хойшлуулах эрх эдэлнэ.

7.2. Аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийн ажиллагчдыг сэргийлэх тарилгад бүрэн хамруулах үүрэг хүлээнэ.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Дархлаажуулалтын талаархи үйл ажиллагааны зохион байгуулалтын үндэс

8 дугаар зүйл. Дархлаажуулалтын талаархи үйл ажиллагааны зохион байгуулалтын үндэс

Хэвлэх

8.1. Дархлаажуулалтын ажлыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нутгийн захиргааны болон эрүүл мэндийн байгууллагууд зохион байгуулна.

8.2. Монгол Улсын зэвсэгт хүчин, бусад цэргийн нэгтгэл, анги, байгууллагад дархлаажуулалтын ажлыг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, цэргийн эмнэлгийн алба зохион байгуулна.

9 дүгээр зүйл. Халдварт өвчинтэй тэмцэх мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааны үндсэн зарчим

Хэвлэх

9.1.Дархлаажуулалтын ажлын төлөвлөлт, халдварт өвчнөөс сэргийлэх, тархалтыг тандах, өвчлөл гарсан үед тархалтыг хязгаарлах, таслан зогсоох үйл ажиллагааг халдварт өвчинтэй тэмцэх мэргэжлийн төв байгууллага /цаашид "халдварт өвчин судлалын төв байгууллага" гэх/ зохион байгуулна.

9.2.Халдварт өвчин судлалын төв байгууллага нь халдварт өвчнийг оношлох, эмчлэх, сэргийлэх, улсын стандарт, нэгдсэн аргачлал боловсруулах, халдварт өвчний тархалт, дархлаажуулалтын үр дүнг тархвар судлалын болон лабораторийн шинжилгээний аргаар тандан судлах, халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг улсын хэмжээнд төлөвлөх, дархлаажуулах бэлдмэлийг захиалах, хадгалах, тээвэрлэх, нөөцлөх, хуваарилах ажлыг хариуцаж, дархлаажуулалтын санг зориулалтын дагуу сангийн зөвлөлийн зөвшөөрсөн хэмжээгээр захиран зарцуулна.

10 дугаар зүйл. Заавал хийх дархлаажуулалт

Хэвлэх

10.1.Заавал хийх дархлаажуулалтад сүрьеэ, халдварт саа /полиомиелит/, В вируст гепатит, сахуу, хөхүүл ханиад, татран, улаанбурхан, В хэв шинжийн хемофилюс инфлюенза нянгийн халдвар, А вируст гепатит, пневмококк, хүний папиллома вирусийн халдвар, гахай хавдар, улаануудын эсрэг сэргийлэх тарилга орно.

/Энэ хэсэгт 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ хэсгийг 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

10.2. Заавал хийх дархлаажуулалтад хамрагдах сэргийлэх тарилгын нэр төрөлд хийх өөрчлөлтийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно.

10.3. Заавал хийх дархлаажуулалтыг Засгийн газраас баталсан үндэсний товлолын дагуу хэрэгжүүлнэ.

10.4.Эрүүл мэндийн холбогдох байгууллага нь сүрьеэ, халдварт саа /полиомиелит/, В вируст гепатитын эсрэг дархлаажуулах бэлдмэлийг хүүхдийг төрсний дараа 24 цагийн дотор хийж, сэргийлэх тарилгын гэрчилгээ олгоно.

/Энэ хэсгийг 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

10.5. Үндэсний товлолын сэргийлэх тарилгаас эмнэлгийн заалтаар түр чөлөөлөгдсөн хүүхдийг тогтоосон журмын дагуу нөхөн дархлаажуулалтад хамруулна.

10.6. Нөхөн дархлаажуулалт хийх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

11 дүгээр зүйл. Тархвар судлалын заалтаар хийх сэргийлэх тарилга

Хэвлэх

11.1. Халдварт өвчин гарч болзошгүй нөхцөлд тархвар судлалын заалтаар иргэдэд нэмэлт дархлаажуулалт хийнэ.

11.2. Тархвар судлалын заалтаар сэргийлэх тарилга хийх хугацаа, журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

12 дугаар зүйл. Сайн дурын дархлаажуулалт

Хэвлэх

12.1. Халдварт өвчний эрсдэл ихтэй орон нутаг, улс оронд зорчих иргэн, ажил үйлчилгээний онцлогоос шалтгаалан тухайн ажил эрхэлж байгаа хүн холбогдох журмын дагуу дархлаажуулах бэлдмэлийг сайн дурын үндсэн дээр хийлгэж, хэрэглэж болно. Энэ тохиолдолд сэргийлэх тарилгын төлбөрийг тухайн иргэн хариуцна.

12.2. Сэргийлэх тарилгад хамрагдах шаардлагатай ажил, үйлчилгээний жагсаалтыг Засгийн газар батална.

13 дугаар зүйл. Сэргийлэх тарилгыг зохион байгуулахад тавих шаардлага

Хэвлэх

13.1. Магадлан итгэмжлэл бүхий эрүүл мэндийн байгууллага сэргийлэх тарилгыг гүйцэтгэнэ.

13.2. Эрүүл мэндийн орон нутгийн байгууллага нь сэргийлэх тарилгын үндэсний товлолд орсон болон тархвар судлалын заалтаар хийх сэргийлэх тарилгад хамрагдах хугацааг нутаг дэвсгэртээ оршин сууж байгаа иргэн бүрт албан ёсоор мэдэгдэнэ.

13.3. Сэргийлэх тарилгыг хүүхэд болон иргэний эрх зүйн эрхийн чадамжгүй гэж тооцогдсон иргэнд эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагчийн зөвшөөрөлтэйгээр хийнэ.

13.4. Сэргийлэх тарилгыг эмнэлгийн харшлах өвчингүй иргэнд хийнэ. Сэргийлэх тарилга хийхэд харшлах өвчин, эмгэгийн жагсаалтыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

13.5. Сэргийлэх тарилгыг эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн зохион байгуулна.

13.6. Сэргийлэх тарилгын үр дүнг тухайн тарилгад хамрагдсан байдал, тархвар судлалын болон лабораторийн шинжилгээний аргаар тогтоох ажлыг халдварт өвчин судлалын төв байгууллага зохион байгуулна.

14 дүгээр зүйл. Дархлаажуулах бэлдмэлд тавих шаардлага

Хэвлэх

14.1. Дархлаажуулалтад өөрийн орон болон гадаад улсад үйлдвэрлэгдсэн албан ёсны зөвшөөрөлтэй дархлаажуулах бэлдмэлийг хэрэглэнэ.

14.2. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу дархлаажуулах бэлдмэлийг эмчийн захиалга буюу жороор эмийн сан, эрүүл мэндийн байгууллагаас сайн дурын дархлаажуулалтанд хамрагдах иргэнд олгоно.

15 дугаар зүйл. Дархлаажуулах бэлдмэлийг хадгалах, тээвэрлэх

Хэвлэх

15.1. Үндэсний товлолын дархлаажуулах бэлдмэлийг улсын хэмжээнд гурван сарын, аймаг, нийслэлийн хэмжээнд хоёр сарын, сумын хэмжээнд нэг сарын нөөцтэйгээр зориулалтын байранд эрүүл ахуйн шаардлагын дагуу хадгална.

15.2. Дархлаажуулах бэлдмэлийг хэм заагуур, дагалдах баримт бичгийн хамт зориулалтын саванд баталгаат тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ.

16 дугаар зүйл. Дархлаажуулах бэлдмэлд тавих улсын хяналт

Хэвлэх

16.1.Дархлаажуулах бэлдмэлийн чанар, хадгалалт, тээвэрлэлт болон аюулгүй байдлын талаар тавих улсын хяналтыг эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага болон тухайн эрүүл мэндийн байгууллагын дотоод хяналтаар хэрэгжүүлнэ.

/Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийг 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

17 дугаар зүйл. Дархлаажуулах бэлдмэлийн хангамж

Хэвлэх

17.1. Төв, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагыг сэргийлэх тарилгын үндэсний товлолд орсон болон тархвар судлалын заалтаар хийгдэх сэргийлэх тарилгад зориулагдсан дархлаажуулах бэлдмэлээр хангах ажлыг аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын хэрэгцээ, захиалгыг үндэслэн халдварт өвчин судалын төв байгууллага зохион байгуулна.

17.2.Заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу 0-15 насны хүүхдэд хийх дархлаажуулах бэлдмэлийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гэрчилгээтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үйлдвэрээс худалдаж авна.

/Энэ хэсгийг 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн/

18 дугаар зүйл. Дархлаажуулалтын талаархи статистикийн мэдээлэл

Хэвлэх

18.1. Сэргийлэх тарилга, тарилгын дараахь хүндрэл, сэргийлэх тарилгаас татгалзсан тухай мэдээ нь статистикийн албан ёсны мэдээлэлд орно.

18.2. Сэргийлэх тарилга, тарилгын дараахь хүндрэл, тарилгаас татгалзсан тухай баримтыг бүртгэх журам, эмнэлгийн баримт бичиг, сэргийлэх тарилгын гэрчилгээний загварыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Дархлаажуулалтын санхүүжилт

19 дүгээр зүйл. Дархлаажуулалтын үйл ажиллагааг төрөөс дэмжих

Хэвлэх

19.1.Дархлаажуулалтын зориулалтаар урьдчилан сэргийлэх тарилга хийх, эм, бэлдмэл, зүү, тариур бэлтгэх зэрэг урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг санхүүжүүлэхэд улсын төсвөөс дэмжлэг үзүүлнэ.

/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Дээрх 19 дүгээр зүйлийг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

ТАВДУГААР БҮЛЭГ

Тарилгын дараахь хүндрэл

20 дугаар зүйл. Тарилгын дараахь хүндрэл

Хэвлэх

20.1.Тарилгын дараахь хүндрэлийг эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, эмчилгээний чанарын хяналтын байцаагч магадлан тогтооно.

/Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

20.2. Тарилгын дараахь хүндрэлийн жагсаалтыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

Бусад зүйл

21 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

21.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

21.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ