- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
2003 оны 8 дугаар сарын 25-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 188
Жижиг дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. "Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэл"-ийг хавсралт ёсоор баталсугай.
2. Түгээмэл хэрэглэгддэг технологиор бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хүнсний болон өргөн хэрэглээний барааны жижиг үйлдвэрүүдийг орон нутагт өргөжүүлэх чиглэлээр Монгол банк, арилжааны банкуудтай хамтран хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмжийг лизингээр худалдан авч ашиглах механизм бүрдүүлэх арга хэмжээ авахыг Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзориг, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал нарт даалгасугай.
3. Хавсралтад заасан чиглэлийн дагуу жижиг, дунд үйлдвэрүүдийг орон нутагт хөгжүүлэх хөдөлгөөн өрнүүлж, санаачилга гаргасан хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллахыг аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
4. Дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжинд төсвийн байгууллагуудын хэрэгцээнд ашиглах, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх эрх зүйн таатай нөхцөл бүрдүүлэх чиглэлээр холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж Засгийн газарт танилцуулахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзориг нарт даалгасугай.
5. Лизингийн тоног төхөөрөмжийн нийгмийн ач холбогдлыг харгалзан үнийн дүнгийн 25 хувь хүртэл хэмжээнд Засгийн газраас дэмжлэг үзүүлэх боломжийг судлах, хэрэгжүүлэх талаар арга хэмжээ авахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзориг, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал нарт даалгаж, Монгол банкны ерөнхийлөгч О.Чулуунбатад зөвлөсүгэй.
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх