A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖУРАМ ТОГТООХ ТУХАЙ

1993 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 10

Засгийн газарт Монгол улсын хууль, Засгийн газрын шийдвэрийн төсөл боловсруулж оруулах ажлыг журамтай болгож, тэдгээр баримт бичгийн хууль зүйн үндэслэлийг сайжруулах зорилгоор Монгол улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын хууль, Улсын Их Хурлын тогтоол, нийтлэг дагаж мөрдөх асуудлаар Засгийн газраас гаргах тогтоол, захирамжийн төслийг Засгийн газарт өргөн мэдүүлэхдээ Монгол улсын холбогдох хууль, Засгийн газрын бусад шийдвэрт нийцүүлэн, тодорхой тооцоо, судалгаанд тулгуурлан үндэслэл сайтай боловсруулсан байхын зэрэгцээ уг хууль, шийдвэр гарч мөрдөгдөхтэй холбогдуулан эрх зүйн бусад актад зохих нэмэлт, өөрчлөлт оруулах, эсвэл хүчингүй болгох тухай саналаа хамт оруулж байхаар тогтоосугай.

2.Хууль, Улсын Их Хурлын тогтоол, Засгийн газрын нийтлэг дагаж мөрдөх тогтоол, захирамжийн төсөлд Хууль зүй яамны албан ёсны дүгнэлтийг авч тусгаж байсугай.

3.Хуулийн төслийг сайдын болон газрын даргын зөвлөлөөр нягтлан хэлэлцүүлсний үндсэн дээр сайд, дарга нарын гарын үсэгтэйгээр Засгийн газарт өргөн мэдүүлж байх түүнийг зөвхөн Засгийн газрын гишүүн хариуцан хуралдаанд оруулж байхаар журамласугай.

4.Монгол Улсын хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийн өмнө холбогдох сайд,дарга нар Хууль зүйн сайдтай хамтран эцэслэн хянаж нягталж байсугай.

5.Засгийн газарт өргөн мэдүүлж буй болон түүнээс гаргаж буй шийдвэрийн боловсруулалтын чанар, үндэслэлийг сайжруулах зорилгоор аппаратынхаа орон тоо, цалингийн санд багтаан хуулийн зөвлөгч ажиллуулахыг яам, тусгай газарт даалгасугай.