- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗАРИМ НИЙЛЭГ ХАЛЬСАН УУТНЫ ХЭРЭГЛЭЭГ ХОРИГЛОХ ТУХАЙ /Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2009 оны 6 дүгээр сарын 11-ний өдөр
Улаанбаатар хот
/Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
ЗАРИМ НИЙЛЭГ ХАЛЬСАН УУТНЫ ХЭРЭГЛЭЭГ ХОРИГЛОХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт 0.025 мм болон түүнээс бага зузаантай нийлэг хальсан уутыг хүнсний бүтээгдэхүүнд баглаа боодлын зориулалтаар импортлох, хэрэглэхийг хориглохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Хууль тогтоомж
2.1.Зарим нийлэг хальсан уутны хэрэглээг хориглох тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай, Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн нэр томъёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."нийлэг хальсан уут" гэж баглаа боодолд хэрэглэх зориулалтаар химийн нийлэгжүүлэлтийн аргаар үйлдвэрлэсэн, дахин боловсруулах боломжгүй, удаан задардаг уутыг;
3.1.2."баглаа боодол" гэж түүхий болон хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнийг ороох, савлах зориулалттай нэг удаагийн хэрэглээний нийлэг хальсыг.
4 дүгээр зүйл.Нийлэг хальсан уутны хэрэглээг хориглох
4.1.Бүх төрлийн 0.025 мм болон түүнээс бага зузаантай нийлэг хальсан уутыг худалдаа, үйлчилгээнд баглаа боодлын зориулалтаар хэрэглэхийг хориглоно.
4.2.Энэ хуулийн 4.1-д заасан зориулалтаар нийлэг хальсан уутыг импортлохыг хориглоно.
5 дугаар зүйл.Хуулийн биелэлтэд тавих хяналт
5.1.Зарим нийлэг хальсан уутны хэрэглээг хориглох тухай хуулийн биелэлтэд тавих хяналт нь төрийн болон олон нийтийн гэсэн хэлбэртэй байна.
5.2.Энэ хуулийн 5.1-д заасан төрийн хяналтыг бүх шатны Засаг дарга, хууль тогтоомжоор тусгайлан эрх олгосон мэргэжлийн хяналтын байгууллага, албан тушаалтан эрх хэмжээнийхээ хүрээнд хэрэгжүүлнэ.
5.3.Энэ хуулийн 5.1-д заасан олон нийтийн хяналтыг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, иргэн хэрэгжүүлж болно.
6 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
6.1.Зарим нийлэг хальсан уутны хэрэглээг хориглох тухай хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга, хууль тогтоомжоор тусгайлан эрх олгосон улсын байцаагч захиргааны дараахь шийтгэл ногдуулна:
6.1.1.энэ хуулийн 4.1-д заасныг зөрчсөн иргэнийг 30000-50000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 150000-200000 төгрөгөөр торгох;
6.1.2.энэ хуулийн 4.2-т заасныг зөрчсөн бол импортолсон зүйлийг хурааж, иргэнийг 100000-150000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 250000-350000 төгрөгөөр торгох.
7 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
7.1.Энэ хуулийг 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
