- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2007 оны 10 дугаар сарын 10-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 263
Иргэний бүртгэлийн тухай хуулийн 26.6-г үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Журам батлах тухай" Засгийн газрын 2002 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 214 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Монгол Улсын нутаг дэвсгэрт иргэн шилжин суурьших хөдөлгөөнийг бүртгэх, мэдээлэх журам"-д дараахь агуулгатай 3.1.8, 3.3.7, 3.3.8, 3.4.4, 3.4.5 дахь заалтыг тус тус нэмсүгэй:
а/ "3.1.8. оршин сууж байсан нутаг дэвсгэрийн цэргийн штабын цэргийн бэлтгэл үүрэгтний бүртгэлээс хасуулсан тухай тодорхойлолт.";
б/ "3.3.7. засаг захиргааны нэгжийн хооронд шилжин явсан, ирсэн иргэний хувийн хэргийг 30 хоногийн дотор холбогдох аймаг, нийслэл, дүүргийн иргэний бүртгэл, мэдээллийн алба тухайн иргэний шилжин очсон нутаг дэвсгэрийн иргэний бүртгэл, мэдээллийн албанд хүргүүлнэ;";
в/ "3.3.8. тухайн засаг захиргааны нэгжид шилжин ирээд тодорхой хаягаар суурьшсан, шилжүүлгээ албан ёсоор хийлгээгүй, өөрийн биеэр очих санхүүгийн боломжгүй энэхүү журмын 2.4-т заасан шилжин суурьшихыг түр хойшлуулах үндэслэлгүй иргэний хувийн хэргийг тухайн иргэний хүсэлтийг үндэслэн оршин сууж байгаа газрын иргэний бүртгэлийн байгууллагын албан ёсны хүсэлтээр шилжүүлж өгнө.";
г/ "3.4.4. гадаад улсад 180 хоногоос дээш хугацаагаар оршин суугаа тухайгаа Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газарт бүртгүүлсэн Монгол Улсын иргэний тухай мэдээллийг Гадаад хэргийн яам цахим сүлжээгээр тухай бүр Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвд ирүүлнэ;";
д/ "3.4.5. цэргийн алба хааж байгаад халагдсан иргэний бүртгэлийг аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын дэргэдэх цэргийн штаб, хорих ял эдэлж байгаад суллагдсан иргэний бүртгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гаргаж төв, орон нутгийн иргэний бүртгэл, мэдээллийн байгууллагад хүргүүлнэ.".
2. Мөн журмын 1.3-т "Харин батлан хамгаалах, тагнуул, хил хамгаалах, гааль, төмөр зам, цагдаагийн байгууллагын шийдвэрээр 1 жилээс дээш хугацаагаар засаг захиргааны өөр нэгжид ажиллахаар томилогдсон иргэн тухайн оршин суух нутаг дэвсгэрийн иргэний бүртгэлийн албанд бүртгүүлж, иргэний үнэмлэхдээ тэмдэглэл хийлгэнэ." гэсэн 2 дахь хэсэг, мөн журмын 3.3.1-д "Түр оршин суух үнэмлэхийн загварыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална." гэсэн 2 дахь хэсэг, мөн журмын 2.4.4-ийн "ажиллаж байсан" гэсний дараа "татвар, банк, санхүүгийн" гэж, мөн журмын 3.3.1-ийн "... гэсэн тэмдэглэлийг заавал хийж" гэсний дараа "Түр оршин суух үнэмлэхийг иргэнд олгох бөгөөд" гэж тус тус нэмсүгэй.
3. Мөн журмын 3.1.6-г "батлан хамгаалах, тагнуул, хил хамгаалах, гааль, төмөр зам болон цагдаагийн байгууллагын албан хаагч бол томилогдсон тухай эрх бүхий байгууллагын шийдвэр;" гэж, мөн журмын 3.3.3-ыг "бүх шатны сургуулийн удирдлага хичээлийн шинэ жил эхэлснээс хойш 1 сарын дотор засаг захиргааны бусад нэгжээс шилжин суралцагч иргэдийн овог, нэр, оршин суугаа хаягийн бүртгэлийг тухайн аймаг, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газарт ирүүлж хүн амын бүртгэлд бүрэн хамруулах арга хэмжээ авна;" гэж тус тус өөрчлөн найруулсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД
Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.ОДБАЯР
Текст томруулах
A
A
A
