A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖУРАМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2013-9-21-ний 322-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2009 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 285

Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2006 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 160 дугаар тогтоолоор баталсан "Хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, үр дүн, биелэлтийг дүгнэх, мэдээлэх журам"-д дор дурдсан агуулга бүхий Дөрөв дэх хэсэг нэмсүгэй:

"Дөрөв. Үндэсний хөтөлбөр,төслийн хэрэгжилтийг зохион байгуулах, үр дүн биелэлтийг дүгнэх, мэдээлэх

17. Төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага нь Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоолоор баталсан Үндэсний хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн удирдлага, зохицуулалт болон үр дүн, биелэлтэд нь хяналт тавьж, явц, дүнд хяналт шинжилгээ хийж, хэрэгжилтийн үр дүн, мэдээг энэхүү журмын 5, 6, 7 дугаар хавсралт ёсоор гарган, хагас жилийн дүнг 8 дугаар сарын 20-ны дотор, бүтэн жилийн дүнг дараа оны 4 дүгээр сарын 20-ны дотор Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүлнэ.

18. Сангийн яам төсвийн болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төслүүдийн хэрэгжилтийг нэгтгэн хагас жилийн дүнг 7 дугаар сарын 20-ны дотор, жилийн эцсийн дүнг дараа оны 3 дугаар сарын 20-ны дотор Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүлнэ.

19. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Үндэсний хөтөлбөр, төслүүдийн хэрэгжилтийн талаар төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага, Сангийн яамнаас ирүүлсэн дүн, мэдээг хагас, бүтэн жилээр нэгтгэн, хяналт шинжилгээ хийж, жил бүрийн 5, 9 дүгээр сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулна.

20. Төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага нь Үндэсний хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн байдал, үр дүн, явцын талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүлэх жилийн эцсийн дүнг дэлгэрэнгүй тайлантай хамт ирүүлнэ".

2. "Хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, үр дүн, биелэлтийг дүгнэх, мэдээлэх журам"–ын 5, 6, 7 дугаар хавсралтуудыг хавсралт ёсоор баталсугай.

3. Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Долгорт үүрэг болгосугай.

Монгол Улсын Шадар сайд М.ЭНХБОЛД

Монгол Улсын сайд,

Засгийн газрын Хэрэг

эрхлэх газрын дарга Б.ДОЛГОР