- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАРИМ САЛБАРЫН БҮТЭЭГДЭХҮҮН, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ, ТАРИФЫН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
1992 оны 01 дугаар сарын 03
Дугаар 2
Улаанбаатар хот
ЗАРИМ САЛБАРЫН БҮТЭЭГДЭХҮҮН, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ, ТАРИФЫН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
БНМАУ-ын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Хүн амаас бусад хэрэглэгчдэд нийлүүлэх нүүрс, цахилгаан, дулааны эрчим хүчний үнэ; төвлөрсөн хэрэгцээнд нийлүүлэх мах, орон нутагт улсын хуваариар хүргэх хүн амын хэрэгцээний хүнс, өргөн хэрэглээний бараа, улсын аюулаас хамгаалах фондын өвс, тэжээлийг тээвэрлэхээс бусад авто тээврээр гүйцэтгэх ачаа тээврийн тарифыг 1992 оны нэгдүгээр сараас эхлэн чөлөөт тогтолцоонд шилжүүлсүгэй.
2.Боловсрол, эрүүл мэнд, соёл, урлаг, батлан хамгаалах, улсын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журам сахиулах байгууллагуудын 1992 оны төсөвт тусгагдсан цахилгаан, дулааны эрчим хүчний зардлыг зохих хэмжээгээр нэмэгдүүлэхийн хамт төвлөрсөн хэрэгцээнд нийлүүлэх мах, орон нутагт улсын хуваариар хүргэх хүн амын хэрэгцээний хүнс, өргөн хэрэглээний бараа, улсын аюулаас хамгаалах фондын өвс, тэжээл, хотын доторхи ундааны ус тээвэрлэхэд нормоор зарцуулсан автобензинийн үнийн зөрүүг үргэлжлүүлэн төсвөөс нөхөн олгож байх нь зүйтэй гэж үзсүгэй. /Засгийн газрын 1992 оны 47 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/)
3.Улсын төвлөрсөн сангаас хуваарилах өвс, тэжээл, нүүрс тээврээс бусад төмөр замаар гүйцэтгэх бүх тээвэр, үйлчилгээний тарифыг энэ оны нэгдүгээр сараас эхлэн чөлөөтэй болгох нь зүйтэй гэж үзсүгэй.
4.Үнийн талаар дангаар ноёрхож, өндөр үнэ тогтоох явдалд хязгаарлах арга хэмжээ авч, хяналт тавьж байхыг Худалдаа, үйлдвэрийн яаманд даалгасугай.
/Засгийн газрын 1997 оны 182 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан БНМАУ-ын Засгийн газрын 1991 оны 7 дугаар сарын 15-ны 213 дугаар тогтоолын 2,3,5 дугаар зүйл, 1991 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 240 дүгээр тогтоолын хавсралтын "Б"-д заасан "цахилгаан, дулааны эрчим хүч", "нүүрс", "В"-д заасан "автомашин, төмөр зам, агаарын тээврийн үйлчилгээний нэгдсэн тариф" гэсэн хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
БНМАУ-ын Ерөнхий сайд Д.БЯМБАСҮРЭН
БНМАУ-ын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.МОЛОМЖАМЦ
Текст томруулах
A
A
A
