- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗУДТАЙ ТЭМЦЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
2000 оны 12 дугаар сарын 26–ны өдөр
Дугаар 200
Улаанбаатар хот
ЗУДТАЙ ТЭМЦЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1999-2000 оны зун, өвөл тохиолдсон ган, зудад манай орны нутаг дэвсгэрийн 70 гаруй хувь буюу 13 аймгийн 157 сумын 450,0 мянга гаруй хүн, 7,1 сая мал нэрвэгдэж, зөвхөн хорогдсон малыг зах зээлийн үнээр тооцвол улсын жилийн төсвийн бараг гуравны нэгтэй тэнцэх буюу 91,7 тэрбум шахам төгрөгийн хохирол учирсан байна.
2000 оны зун манай орны нийт нутаг дэвсгэрийн 60 хувьд нь ган болж, энэ өвөл 90 хувьд нь цасан бүрхүүл тогтон уулархаг бүс нутгаар олон жилийн дунджаас илүү цас унаснаас Алтай, Хангай, Хөвсгөл, Ханхөхийн нурууны өндөр даваанууд хаагдан мал өвөлжилтийн байдал хүндэрлээ. Нутгийн баруун болон төв, зүүн бүсийн ихэнх нутагт 10 дугаар сарын эхнээс эхлэн олон удаа цас орж, зарим газарт хайлж, хайлмагтан хөлдөж, нам дор газартаа 15-20 см, уулархаг хэсэгтээ 40-60 см, гуу жалгаараа түүнээс ч илүү зузааран хатуурчээ. Цас зудын хүндрэлтэй бүсэд 15 аймгийн 90-ээд сумын нутаг хамрагдан зудын гамшигт олон аймаг, сум дахин нэрвэгдэхэд хүрээд байна.
Мал өвөлжилт эрс хүндэрсэн эдгээр бүс нутагт малчин өрхийн 26,6 хувь, нийт малын 29,2 хувь (9,1 сая мал) байгаа бөгөөд 5784 өрхийн 2387,1 мянган мал 100-500 км нүүж өөр аймаг, сумын нутаг, улсын тусгай хамгаалалттай газар, хилийн зурваст отроор өвөлжиж, зарим өрх 2-3 тасран амьдарч байна.
Өнгөрсөн онтой харьцуулахад мал өвөлжилт хүндэрч, зудад нэрвэгдэхэд хүрсэн бүс нутагт байгаа өрхийн тоо нэлээд нэмэгдэж, малын тоо 28,2 хувиар өссөнөөс үзэхэд улсын эдийн засагт учрах хохирол энэ онд үлэмж ихсэх магадлалтай байгааг тэмдэглэж Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Батлан хамгаалахын сайд, Улсын байнгын онцгой комиссын дарга Ж.Гүррагчаад даалгах нь:
а/мал өвөлжилт хүндэрч, зудын гамшигт нэрвэгдэхэд хүрээд байгаа бүс нутгийн цагийн байдалд Байгаль орчны болон Хүнс, хөдөө аж ахуйн яамтай хамтран аймаг, сум бүрээр үнэлгээ өгч, тэдгээрийн гамшгийн эрсдэлийг бодитойгоор тогтоож тусламжаар болон улсын нөөцөөс олгох өвс, тэжээл, хүнс, өргөн хэрэглээний бараа, эмийн хуваарилалт, тээвэрлэлт, хүргэлтийг холбогдох яам, байгууллагатай хамтран зохицуулж байсугай;
б/зудад нэрвэгдэхэд хүрсэн аймаг, сум, иргэдэд өвс, тэжээл, хүнс, өргөн хэрэглээний бараа тээвэрлэн хүргэх ажилд Зэвсэгт хүчний анги, байгууллагын тээврийн хэрэгслийн цувааг дайчлан ажиллуулах арга хэмжээ авсугай.
2. Улсын байнгын онцгой комисстой тохирч зохицуулах замаар улсын нөөцөөс гаргах эм, тусламжийн хүнсний барааны хуваарийг яаралтай гаргаж, зудад нэрвэгдэхэд хүрсэн аймаг, сум, малчдад хүргүүлэх арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг Эрүүл мэндийн сайд П.Нямдаваа, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал нарт даалгасугай.
3. Зудад нэрвэгдэхэд хүрсэн бүс нутгийн малчдын хэрэгцээнд зориулан улсын нөөцөөс гаргасан эмийг 2001 оны эхний хагас жилд багтаан тусламжийн хөрөнгөөр нөхөн бүрдүүлэхийг Эрүүл мэндийн сайд П.Нямдаваа, Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуун нарт үүрэг болгосугай.
4. Зудад нэрвэгдэхэд хүрсэн бүс нутагт Улсын байнгын онцгой комиссын томилолтоор ажиллах эмч, эмнэлгийн ажилтан нарт Эрүүл мэндийн тухай хуульд заасны дагуу олгох нэмэгдэл хөлсийг гадаад орон, олон улсын байгууллага, манай орны аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хандив, тусламжийн хөрөнгөөс гаргахыг Батлан хамгаалахын сайд, Улсын байнгын онцгой комиссын дарга Ж.Гүррагчаад зөвшөөрсүгэй.
5. Зудад нэрвэгдсэн аймаг, сум, малчдад өвс, тэжээл, хүнс, өргөн хэрэглээний бараа, эм, тариа тээвэрлэн хүргэх, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах шатахууны үндсэн нормыг Улсын байнгын онцгой комиссоос тогтоосон эрсдэлийн үнэлгээтэй уялдуулан нэмэгдүүлэн тогтоож өгөхийг Дэд бүтцийн сайд Б.Жигжидэд даалгасугай.
6. Зудын цагийн байдал хүндэрсэн аймаг, сумын Засаг дарга нарт даалгах нь:
а/тусламжаар болон улсын нөөцөөс олгосон өвс, тэжээл, хүнс, өргөн хэрэглээний бараа, эмийг зудад нэрвэгдсэн малчдад шуурхай хүргэх зохион байгуулалтын арга хэмжээ авч байсугай;
б/зудтай нутгийн болон отроор явсан малчдын эмнэлгийн үйлчилгээ, малчдад тавих анхаарал халамжийг сайжруулахад байнга анхаарч шуурхай арга хэмжээ авч байсугай;
в/өөр аймаг, сумаас отроор ирж өвөлжиж байгаа малчдын амгалан тайван байдлыг алдагдуулах, тэдэнд аливаа хэлбэрээр дарамт, шахалт үзүүлэх, хууль тогтоомж зөрчин татвар, хураамж, төлбөр авах зэрэг зохисгүй байдал гаргахаас сэрэмжлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Батлан хамгаалахын сайд Ж.ГҮРРАГЧАА
Текст томруулах
A
A
A
