- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАРДЛЫН НОРМАТИВ, ЖИШИГ БАТЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЗАРДЛЫН НОРМАТИВ, ЖИШИГ БАТЛАХ ТУХАЙ
2003 оны 7 дугаар сарын 15-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 176
Боловсролын тухай хуулийн 40.2, 40.3, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 25.1-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Аймаг, нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн анхан шатны ангийн нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын нормативыг 1 дүгээр, төрийн өмчийн их, дээд сургууль, коллежид дээд боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох сургалтын зардлын жишгийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. Цэцэрлэгийн нэг хүүхдэд улсын төсвөөс олгох хоолны зардлын хэмжээг 36000 (гучин зургаан мянган) төгрөгөөр тогтоосугай.
3. Ерөнхий боловсролын сургуулийн болон мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн анхан шатны (8 дугаар анги төгсөөд элссэн) ангийн дотуур байранд амьдрах нэг хүүхдэд ногдох хоолны зардлыг 124600 (нэг зуун хорин дөрвөн мянга зургаан зуун) төгрөгөөр тогтоож төсвөөс санхүүжүүлж байсугай.
4. Дээд боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох сургалтын зардлын жишгийг баримтлан сургуулийнхаа сургалтын төлбөрийн хэмжээг тогтоон мөрдөхийг төрийн өмчийн их, дээд сургууль, коллежийн захирал, Удирдах зөвлөлийн дарга нарт үүрэг болгосугай.
5. Энэхүү тогтоолоор батлагдсан норматив, зардлын жишгийг үндэслэн 2004 оны төсвийг төлөвлөж, шаардлагатай заавар, журмыг боловсруулан мөрдүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжидад даалгасугай.
6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хувьсах зардлын нормативыг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2002 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 160 дугаар тогтоол, "Сургалтын зардлын жишиг тогтоох тухай" Засгийн газрын 2002 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 170 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
