- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАРДЛЫН ДУНДАЖ НОРМАТИВ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2012-10-27-ны 106-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЗАРДЛЫН ДУНДАЖ НОРМАТИВ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2012-10-27-ны 106-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2010 оны 12 дугаар сарын 29-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 342
Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 15.1, 15.2, Боловсролын тухай хуулийн 40.2, 40.3, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 23.1.1, 23.1.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхэд нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын дундаж нормативыг 1 дүгээр, ерөнхий боловсролын сургуулийн нэг суралцагчид бага, дунд боловсрол эзэмшүүлэхэд ногдох хувьсах зардлын дундаж нормативыг 2 дугаар, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын дотуур байрны нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын дундаж нормативыг 3 дугаар, мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативыг 4 дүгээр хавсралт ёсоор тус тус баталсугай. (Энэ зүйлийг 2012-03-28-ны 94-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
2. Ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын дотуур байранд амьдрах нэг хүүхдийн хоногийн хоолны зардлыг 1545 (нэг мянга таван зуун дөчин таван) төгрөгөөр тогтоосугай.
3. Нэг хүүхдэд ногдох дундаж нормативаар санхүүжүүлэх зардлын гүйцэтгэлийг хүүхэд өдрөөр хянаж зөрүүг хагас, бүтэн жилээр тооцон санхүүжүүлж байхыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Сангийн сайд С.Баярцогт нарт даалгасугай. (Энэ зүйлийг 2012-03-28-ны 94-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
4. Хүүхдийн хоолонд хэрэглэх хүнсний бүтээгдэхүүний чанар, өдрийн хоолны илчлэг, шимт бодисын хэмжээ, эрүүл ахуйн шаардлага, орчны ариун цэвэрт тогтмол хяналт тавих ажлыг зохион байгуулахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт үүрэг болгосугай.
5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Зардлын дундаж норматив батлах тухай" Засгийн газрын 2009 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 190 дүгээр тогтоол, "Хоолны зардлын дундаж норматив батлах тухай" Засгийн газрын 2008 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 45 дугаар тогтоолын 3 дугаар зүйлээс бусад зүйл, заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
6. Энэхүү тогтоолыг 2011 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.
Текст томруулах
A
A
A
