A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЗОНХИЛОН ТОХИОЛДОХ ХАЛДВАРТ БОЛОН ХАЛДВАРТ БУС ӨВЧНИЙ ТАРХАЛТЫГ БУУРУУЛАХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТУХАЙ

2007 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 102

Эрүүл мэндийн тухай хуулийн 7.1.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байгаа зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчний тархалтыг бууруулах, тэдгээрт нөлөөлөгч эрсдэлт хүчин зүйлийг илрүүлэх, өвчтөнийг эмнэлгийн хяналтад авах, амбулаториор эрт эмчлэн эрүүлжүүлэх замаар Эрүүл мэндийн даатгалын санд учрах эрсдэлийг бууруулахад чиглэсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж үр дүнг 2008 оны 6 дугаар сард Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Эрүүл мэндийн сайд Д.Туяад үүрэг болгосугай.

2. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэхэд шаардагдах 5.310 (таван тэрбум гурван зуун арван сая) сая төгрөгийг Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9.3-т заасан Эрүүл мэндийн даатгалын сангийн болзошгүй эрсдэлийн нөөцөөс гаргах асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Сангийн сайд Н.Баяртсайхан, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Д.Дэмбэрэл, Эрүүл мэндийн сайд Д.Туяа нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Сангийн сайд Эрүүл мэндийн сайд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд
М.ЭНХБОЛД Н.БАЯРТСАЙХАН Д.ТУЯА Д.ДЭМБЭРЭЛ