- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАРИМ БАЙГУУЛЛАГЫН БАЙРШЛЫГ ТОГТООХ ТУХАЙ /ЗГ-ын 2012-9-29-ний 65-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЗАРИМ БАЙГУУЛЛАГЫН БАЙРШЛЫГ ТОГТООХ ТУХАЙ
/ЗГ-ын 2012-9-29-ний 65-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2011 оны 3 дугаар сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 94
Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: -
1. Засгийн газрын II байрны А корпуст Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамыг, Б корпуст Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороог, В корпуст Эрдэс баялаг, эрчим хүчний яамыг, мөн корпусын Төрийн сан байрлаж байсан хэсэгт Хөгжлийн банкийг, Г корпуст Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг тус яаман дээр хэрэгжүүлж байгаа төслийн нэгжүүдийн хамт, Д корпуст Сангийн яамыг тус яаман дээр хэрэгжүүлж байгаа төслийн нэгжүүдийн хамт, нийслэлийн Сүхбаатар дүүргийн YIII хороо, Их тойрууд байрлах Гаалийн ерөнхий газрын хуучин байранд Цөмийн энергийн газрыг цөмийн болон цацрагийн хяналтын газруудтай нь хамт нийслэлийн Баянгол дүүргийн IY хороолол, Амарсанаагийн гудамжинд байрлах Харилцаа холбооны зохицуулах хорооны хуучин байранд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрыг тус тус байршуулсугай.
(1-р зүйлийн энэ хэсгийг 2011-12-06-ны 351-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
/Энэ зүйлийг ЗГ-ын 2012-08-28-ны 13-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2. Засгийн газрын III, XI байранд чөлөөлөгдөж байгаа өрөөний хуваарийг хавсралт ёсоор баталсугай.
3. Сангийн яамны шинэ байр (Д корпус)-ыг Засгийн газрын II байрны харъяанд төрийн өмчид бүртгэн авахыг Төрийн өмчийн хороо (Д.Сугар)-нд даалгасугай.
4. Цөмийн энергийн газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын төв лабораторийн байрны 8 өрөөг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт, нийслэлийн Баянгол дүүргийн IV хороолол, Амарсанаагийн гудамжинд байрлах Харилцаа холбооны зохицуулах хорооны хуучин байрыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт, нийслэлийн Сүхбаатар дүүргийн YIII хороо, Их тойрууд байрлах Гаалийн ерөнхий газрын хуучин байрыг Цөмийн энергийн газарт тус тус балансаас балансад шилжүүлэхийг Төрийн өмчийн хороо (Д.Сугар)-нд зөвшөөрсүгэй.
/Энэ зүйлийг 2012-08-28-ны 13-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
5. Засгийн газрын II байрны Г корпусын төрийн тусгай хамгаалалтын нэг цэгийг Сангийн яамны шинэ байр буюу Засгийн газрын II байрны Д корпуст шилжүүлж, төрийн тусгай хамгаалалтын бусад цэгийг мөн байрны А, Б, В, Г корпуст үргэлжлүүлэн ажиллуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, Тагнуулын ерөнхий газрын дарга Р.Болд нарт зөвшөөрсүгэй.
6. Зарим яам, агентлагийн байршлыг шинэчлэн тогтоосны дагуу Засгийн газрын байруудын харуул хамгаалалт, үйлчилгээ, төсөв зардалтай холбоотой асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх арга хэмжээ авч, цаашид зардал хэмнэх зорилгоор яам, Засгийн газрын агентлагийн болон төрийн өмчит байруудын харъяалал, стандарт, хангамж, үйлчилгээний талаар судалгаа, тооцоо хийж Засгийн газарт танилцуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарт даалгасугай.
7. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Зарим агентлагийн байршлыг тогтоох тухай" Засгийн газрын 2009 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 77 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн "Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороог Засгийн газрын II байрны А корпуст, Цөмийн энергийн газар" гэсэн хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
