A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр

Улаанбаатар хот

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ

I ХЭСЭГ

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЕРӨНХИЙ ҮНДЭСЛЭЛ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд үүссэн иргэний эрх зүйн маргааныг шүүх иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Шүүхэд мэдүүлэх эрх

Хэвлэх

3.1.Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.

3.2.Энэ хуулийн 3.1-д заасан эрхийг хамгаалах талаархи нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх өөр журмыг хуулиар тогтоож болно.

3.3.Хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааныг энэ хуульд заасан журмын дагуу шүүх хянан шийдвэрлэнэ.

4 дүгээр зүйл.Шүүхийн өмнө эрх тэгш байх

Хэвлэх

4.1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа /цаашид "хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа" гэх/ нь хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол болон бусад байдал, хуулийн этгээдийг өмчийн хэлбэр, эрх хэмжээгээр нь ялгаварлахгүй эрх тэгш байх зарчимд үндэслэн явагдана.

5 дугаар зүйл.Шүүх эрх мэдлийг шүүх хэрэгжүүлэх, шүүгч хараат бус байх