- Нүүр
- Улсын дээд шүүхийн тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ХЭСГИЙГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ
1996 оны 5 дугаар сарын 29-ны өдөр
Дугаар 154
Улаанбаатар хот
Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн
хуулийн зарим зүйл, хэсгийг тайлбарлах тухай
Улсын Их Хурлын дэргэдэх Сонгуулийн ерөнхий хорооны хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн хуулийн зарим зүйл, хэсгийг нэг мөр ойлгох, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:
Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн хуулийн /цаашид "сонгуулийн хууль" гэх/ зарим зүйл хэсгийг дор дурдсанаар тайлбарласугай.
1.Сонгуулийн хуулийн 6-р зүйлийн 3 дахь хэсгийн "сүсэг бишрэлийг далимдуулах" гэдэгт нэр дэвшигчийн шүтдэг шашин, нэр дэвшүүлсэн нам, эвсэлийн шашны талаарх бодлого, үзэл баримтлалыг сайшаах буюу буруушаах замаар тухайн тойргийн нэр дэвшигчийн төлөө буюу эсрэг, сонгуулийн ухуулга сурталчилгаа явуулахыг ойлгоно. Түүнчлэн сонгуулийн ухуулга сурталчилгаа явуулахдаа сонгогчдын шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөнийхөө дагуу аль нэгэн шашин шүтэж байгааг дээрхийн адил ашиглах нь сүсэг бишрэлийг далимдуулахад нэгэн адил хамаарна.
2.Мөн зүйлийн 3 дахь хэсгийн "бусад хэлбэрээр эд хөрөнгөөр татах" гэдгийг нэг буюу хэсэг бүлэг сонгогчийг тухайн тойрогт нэр дэвшигчийн төлөө буюу эсрэг санал өгүүлэх зорилгоор тэдэнд мөнгө, хүнсний болон аж үйлдвэрийн барааг үнэгүй тараах, хөнгөлттэй үнээр худалдах, түүнчлэн үнэгүйгээр буюу хөнгөлттэй тарифаар ахуйн үйлчилгээ үзүүлэхийг хамааруулан ойлгоно. Харин нэр дэвшигч өөрөө зохиосон болон нам эвсэлийн сурталчилгаанд зориулан хэвлүүлсэн ном, хэвлэлийн бүтээгдэхүүн, сонгуулийн ухуулга сурталчилгаанд зориулан тусгайлан үйлдвэрлэсэн 3000-аас доош төгрөгийн үнэтэй барааг дээрх ойлголтонд хамааруулахгүй.
3.Сонгуулийн хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн "Улс төрийн намуудын харьяалалд байгаагаас бусад өмчийн аль ч хэлбэрийн радио, телевиз, сонин сэтгүүлээр аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар дагнасан сурталчилгаа явуулах" гэдгийг өмчийн аль ч хэлбэрийн радио, телевиз, сонин, сэтгүүлийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан, аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчээс ирүүлсэн сонгуулийн ухуулга сурталчилгааны материалыг хэвлэн нийтлэхгүй, нэвтрүүлээгүй атлаа бусад нам, эвсэл, нэр дэвшигчийн ухуулга сурталчилгааны материалыг хэвлэн нийтлэх, нэвтрүүлэхийг ойлгоно.
4.Сонгуулийн хуулийн 21-р зүйлийн 6 дахь хэсгийн "шашны зан үйл ашиглах" гэдэгт сонгуулийн өмнөх ухуулга сурталчилгаа явуулж буй нам, эвсэл, нэр дэвшигчид, тэдний шадар туслагчид нь ухуулга сурталчилгаа явуулах нөхцөлийг бүрдүүлэх буюу ухуулга сурталчилгаа явуулахдаа аливаа шашны сургаал, жаяг дэгийн дагуу үйлддэг хурал хуруулах сан тавиулах майдар эргэх, жасаа уншуулах, даллага авахуулах, тахилга мөргөл үйлдэх, цугларалт зохион байгуулах болон бусад зан үйлийг ашиглахыг ойлгоно. Харин нам, эвсэл, нэр дэвшигчид өөрсдийн мөрийн хөтөлбөрт тусгасан иргэдийн шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, төр, шашны харьцаа, шашны талаарх бодлого, үзэл баримтлалаа сонгогчдод ухуулан таниулах үйл ажиллагаа үүнд хамаарахгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН
ШҮҮГЧ Д.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Д.ТУНГАЛАГ
Текст томруулах
A
A
A
