A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ИРГЭДИЙГ ОРОН СУУЦЖУУЛАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2013-4-13-ны 135-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ИРГЭДИЙГ ОРОН СУУЦЖУУЛАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

/ЗГ-ын 2013-4-13-ны 135-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2011 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 138

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "100.000 орон сууц" хөтөлбөрийн хүрээнд иргэдийг орон сууцны зээлд хамруулах санхүүжилтийн загварыг хавсралтаар баталсугай.

2. 55 м2-аас дээшгүй талбай бүхий орон сууц авахаар анх удаа хүсэлт гаргасан иргэдийг жилийн 6 хүртэл хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах харилцааг зохицуулах журмыг боловсруулан хамтран баталж, орон сууцаар хангах ажлыг зохион байгуулахыг Сангийн сайд С.Баярцогт, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр нарт, хэрэгжилтэд нь байнгын хяналт тавьж ажиллахыг Орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх Үндэсний хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд М.Энхболдод даалгасугай. (Энэ зүйлд 2012-02-20-ны 54-р тогтоолоор өөрчлөлт орсон)

3. Хөгжлийн банкны эх үүсвэрт авсан хүү болон арилжааны банкаар дамжуулан зээлдүүлж байгаа хүүгийн зөрүү, энэ үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд С.Баярцогтод үүрэг болгосугай.

4. Хүний хөгжил сангаас хүртээх хишиг, хувийг орон сууц худалдан авахад ашиглах хүсэлт гаргасан Монгол Улсын иргэнд төлбөрийн дансны бүртгэл хийх ажлыг зохион байгуулж, орон нутаг дахь захиалгыг тухайн аймгийн Засаг даргын Тамгын газраар гүйцэтгүүлэн, биелэлтийг нэгтгэх арга хэмжээ авахыг "Орон сууцны санхүүжилтийн корпораци" ХХК (Ж.Алдаржавхлан)-д үүрэг болгосугай.

5. Ипотекийн хоёрдогч зах зээлийг дэмжих зорилгоор санхүүжилтийн эх үүсвэртэйгээ уялдуулан Монголын Ипотекийн корпорацид урт хугацаат зээлийн санхүүжилт олгох асуудлыг судалж шийдвэрлэхийг Хөгжлийн банк (Ч.Хашчулуун)-нд зөвшөөрсүгэй.

6. Хүний хөгжил сангаас хүртээх хишиг, хувийг орон сууц худалдан авахад ашиглахтай холбогдуулан шаардагдах хөрөнгийг тухайн жилийн Хүний хөгжил сангийн төсвийн төсөлд тусгах арга хэмжээ авч байхыг Сангийн сайд С.Баярцогт, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди нарт даалгасугай.

7. Шинэ суурьшлын бүсэд орон сууц барихад шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр нарт үүрэг болгосугай.