- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МОНГОЛ-ДАНИЙН ХАМТАРСАН “МОНГОЛ ДАХЬ ЧӨЛӨӨТ ХЭВЛЭЛ" ТӨСЛИЙГ ДУУСГАВАР БОЛГОХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
МОНГОЛ-ДАНИЙН ХАМТАРСАН "МОНГОЛ ДАХЬ ЧӨЛӨӨТ ХЭВЛЭЛ" ТӨСЛИЙГ ДУУСГАВАР БОЛГОХ ТУХАЙ
1999 оны 8 дугаар сарын 25-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 135
Монгол Улсын Засгийн газар, Данийн Вант Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь заалт, 30 дугаар зүйл, Төрийн бус байгууллагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Засгийн газар, Данийн Вант Улсын Засгийн газар хоорондын 1995 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Хэлэлцээрийн дагуу хэрэгжүүлсэн "Монгол дахь чөлөөт хэвлэл" төсөл нь Монгол Улсад чөлөөт хэвлэл үүсч хөгжих нөхцөл бүрдүүлж, сонин хэвлэлийн хэвлэлтийн болон сэтгүүл зүйн чанарыг дээшлүүлэхэд онцгой ач холбогдол гүйцэтгэснийг тэмдэглэсүгэй.
2."Монгол дахь чөлөөт хэвлэл" төсөл дуусгавар болсонтой холбогдуулан энэ тухай Монгол-Данийн Засгийн газар хоорондын Хэлэлцээрт гарын үсэг зурах бүрэн эрхийг төслийн Захирлуудын зөвлөлийн дарга, Гэгээрлийн сайдын үүрэг гүйцэтгэгч А.Баттөрд олгосугай.
3.Төслийн шугамаар орж ирсэн эд хөрөнгө болон Сүхбаатар дүүргийн Их тойруугийн 11-ийн "б" байрыг холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээний үндсэн дээр "Чөлөөт хэвлэл сан" болон "Хэвлэлийн хүрээлэн" төрийн бус байгууллагуудад шилжүүлэхийг Төрийн өмчийн хорооны дарга Д.Зоригтод даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ
Гэгээрлийн сайдын үүрэг гүйцэтгэгч А.БАТТӨР
Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Я.ОЧИРСҮХ
/2000 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 3 дугаар тогтоолын өөрчлөлтийг тусгав./
Текст томруулах
A
A
A
