- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН "МОНГОЛРОСЦВЕТМЕТ" НЭГДЛИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН "МОНГОЛРОСЦВЕТМЕТ" НЭГДЛИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1998 оны 9 дугаар сарын 2-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 166
Монгол-Оросын хамтарсан "Монголросцветмет" нэгдлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж санхүүгийн байдлыг сайжруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Монголросцветмет" нэгдлийн 1995-1997 онуудад барьж ашиглалтад оруулсан барилга байгууламжид зарцуулсан 1,9 сая ам. долларын хэмжээгээр нэгдлийн дүрмийн сан дахь Монголын талын хувь хөрөнгийг нэмэгдүүлэх, эсхүл тус нэгдлээс "Зарубежцветмет" нэгдэлд төлөх өрийг энэ хэмжээгээр бууруулахаар Оросын талтай тохиролцох арга хэмжээ авахыг Сангийн сайд үүрэг гүйцэтгэгч Б.Батбаяр, хамтарсан "Монголросцветмет" нэгдлийн Монголын талын оролцогч Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболд нарт даалгасугай.
2."Монголросцветмет" нэгдлийн 1991-1994 онуудад олборлосон алтанд ногдох нөөц ашигласны төлбөр 321,7 сая төгрөгийн асуудлыг тухайн орон нутгийн баг, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, ясли, цагдаагийн байгууллага зэрэг төсөвт байгууллагуудад нэгдлээс олгосон орон байрны хөлс, цахилгааны болон халаалтын зардлын төлөгдөөгүй хэсэгтэй тэнцүүлэн орон нутгийн санхүүгийн байгууллагатай нийлсэн тооцооны баримтыг үндэслэн харилцан суутгах замаар шийдвэрлэхийг Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Батбаярт зөвшөөрсүгэй.
3."Алт-2000" хөтөлбөрийг хэрэгжүүлэх, алт олборлолтын одоогийн хүрсэн түвшинг бууруулахгүй байх, үйлдвэрүүдийг дагаж бий болсон дэд бүтэц, бүрэлдэн тогтсон хамт олон, мэргэжилтэй ажилчдын чадавхийг бүрэн ашиглах зорилгоор алтны нөөц өсгөх ирээдүй бүхий талбай, илэрцийг зохих хууль тогтоомжийг үндэслэн "Монголросцветмет" нэгдэлд олгож, туслалцаа үзүүлж ажиллахыг Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Алтанхуягт даалгасугай.
4."Монголросцветмет" нэгдлээс бүс нутгийг хөгжүүлэх, уурхайчдын хот тосгоны хүн амын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, шинээр ажлын байр бий болгох, төмс, хүнсний ногоо тариалах, газар тариалан, мал аж ахуй эрхлэх талаар хийж байгаа ажлыг дэмжиж хамтран ажиллахыг холбогдох аймгийн Засаг дарга нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.ЭЛБЭГДОРЖ
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч Н.АЛТАНХУЯГ
Сангийн сайд үүрэг гүйцэтгэгч Б.БАТБАЯР
Текст томруулах
A
A
A
