A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ПАРК БАЙГУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016 оны 68-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ПАРК БАЙГУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016 оны 68-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2002 оны 5 дугаар сарын 29-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 107

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Мэдээллийн орчин үеийн, өндөр хурдтай сүлжээ байгуулах болон шинээр үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаа мэдээллийн компаниудад инкубаторын орчин бүрдүүлэх, шинжлэх ухаан, технологийн мэдээллийн сүлжээ, сан байгуулж үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий Мэдээллийн технологийн үндэсний паркийг 2002 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн байгуулж шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн корпорацийн хэлбэрээр ажиллуулсугай.

2. Мэдээллийн технологийн үндэсний парк байгуулсантай холбогдуулан Шинжлэх ухаан, технологийн мэдээллийн судалгаа, туршилт, үйлдвэрлэл, бизнесийн корпорацийг 2002 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөр тасалбар болгон татан буулгаж, эзэмшиж байсан байр, тоног төхөөрөмж, эд хөрөнгийг Мэдээллийн технологийн үндэсний паркийн мэдэлд шилжүүлсүгэй.

3. Мэдээллийн технологийн үндэсний паркийн дүрмийг Мэдээлэл, холбооны технологийн үндэсний хорооны саналыг авсны үндсэн дээр баталж мөрдүүлэн, үйл ажиллагаанд нь байнгын хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжид, Дэд бүтцийн сайд Б.Жигжид нарт үүрэг болгосугай.

4. Мэдээллийн технологийн үндэсний паркийн байрны ашиглалтын зардалд зориулж 80.0 (наян) сая төгрөгийг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй.

5. Мэдээллийн технологийн үндэсний паркийг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах, өндөр хурдтай сүлжээ байгуулах хөрөнгө оруулалтын зардлыг гадаад орон, олон улсын байгууллагаас олгож байгаа буцалтгүй тусламжийн хөрөнгөөс санхүүжүүлэх талаар холбогдох арга хэмжээ авахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуун, Дэд бүтцийн сайд Б.Жигжид нарт үүрэг болгосугай.

6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Шинжлэх ухааны талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1997 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 31 дүгээр тогтоолын хавсралтын "Б"-гийн 5-д "Шинжлэх ухаан, технологийн мэдээллийн судалгаа, туршилт, үйлдвэрлэл, бизнесийн корпораци" гэснийг "Мэдээллийн технологийн үндэсний парк" гэж өөрчилсүгэй.