- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МЭДЭЭЛЭЛ, СУРТАЛЧИЛГААНЫ "МЭДЭЭЛЛИЙН ЦАГ" АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
1996 оны 10 сарын 25 -ны өдөр
Дугаар 265
Улаанбаатар хот
МЭДЭЭЛЭЛ, СУРТАЛЧИЛГААНЫ "МЭДЭЭЛЛИЙН ЦАГ" АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Төрийн сайд, аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга болон төсөвт байгууллага, төрийн өмчит үйлдвэрийн газар, бүх хэвшлийн аж ахуйн нэгж, олон нийтийн байгууллагын эрх баригч нарт даалгах нь:
а/хууль тогтоомж, Засгийн газрын бодлого, шийдвэр, тэдгээрийн биелэлтийн явц, үр дүн, улс орны улс төр, эдийн засаг, нийгмийн хөгжлийн тулгамдсан зорилт, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, олон улсын байдал, зах зээлийн эдийн засгийн харилцаа, удирдлагын онол, арга зүйн асуудлаар жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс дараа оны 5 дугаар сарын 1 хүртэл хугацаанд байгууллагынхаа хамт олны дунд сард 2-оос доошгүй удаа тус бүр нэг хүртэл цагийн хугацаатай мэдээлэл, сурталчилгааны ажлыг өөрсдийн хүчээр болон улс төрийн зүтгэлтэн, холбогдох байгууллагын удирдах албан тушаалтан, эрдэмтдийн дэмжлэгтэйгээр тусгай төлөвлөгөөний дагуу энэ оноос эхлэн зохион байгуулсугай.
б/хууль тогтоомж, Засгийн газрын бодлого, шийдвэрийг мэдээлэх, сурталчлах ажлыг зохион байгуулах, арга зүйн удирдлагаар хангах үүрэг бүхий орон тооны бус мэдээлэл, сурталчилгааны хэсэг байгуулан ажилласугай.
2. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад даалгах нь:
а/мэдээлэл, сурталчилгааны ажилд шаардлагатай материал, техник хэрэгслээр хангах нэгдсэн захиалга авч гэрээлэн нийлүүлэх арга хэмжээг энэ оноос эхлэн үе шаттайгаар хэрэгжүүлсүгэй;
б/улс орон даяар тухайн жилд явуулж буй мэдээлэл сурталчилгааны ажлын явц байдалд хяналт тавих дараа онд зохиох ажлын бодлого, чиглэлийг тогтоох мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах үүрэг бүхий орон тооны бус мэдээлэл, сурталчилгааны хэсгийг байгуулан ажиллуулсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН
Хууль зүйн сайд Ж.АМАРСАНАА
Текст томруулах
A
A
A
