- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МЭРГЭЖИЛ-АРГА ЗҮЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ АЖЛЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
МЭРГЭЖИЛ-АРГА ЗҮЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ АЖЛЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ТУХАЙ
2002 оны 5 дугаар сарын 8-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 90
Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 12-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Нутгийн өөрөө удирдах байгууллагуудад үзүүлэх мэргэжил-арга зүйн дэмжлэгийг боловсронгуй болгох зорилгоор дор дурдсан арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ө.Энхтүвшинд даалгасугай:
а/аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Тэргүүлэгчдийн тавьсан санал, хүсэлтийн мөрөөр тодорхой арга хэмжээ авч байхын хамт тэдгээрээс тухайн жилд хийсэн ажлын дүнг нэгтгэн Засгийн газрын хуралдаанд танилцуулж байх;
б/санал, хүсэлтээ ирүүлсэн тохиолдолд аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаанд Засгийн газрын гишүүдийг оролцуулж Хурал, Тэргүүлэгчдээс тэдэнд тавьсан асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа байдалд хяналт тавьж ажиллах;
в/Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн дарга, Засаг дарга нарыг оролцуулан Засгийн газрын болон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, цаг үеийн ажил, тулгамдсан асуудлаар санал солилцох уулзалтыг жилд нэгээс доошгүй удаа зохион байгуулж байх;
г/нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагуудын арга барил, туршлага солилцох ажлыг жил бүр 1-2 аймагт явуулдаг болох;
д/орон нутгийн удирдах ажилтны сургалт, семинар зохион байгуулах, ажлын арга туршлага судлах, сурталчлах, мэдээлэх ажлыг Монголын нутгийн удирдлагын холбоотой хамтран зохион байгуулж байх;
2. Аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн дарга нарт дор дурдсан үйл ажиллагаа явуулж байхыг зөвлөсүгэй:
а/Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Тэргүүлэгчдийн хуралдаанаар орон нутгийн тулгамдсан болон нийгэм, эдийн засгийн хэтийн чиглэлийн асуудлуудыг хэлэлцэх, гаргасан шийдвэрийн хүлээгдэж байгаа үр дүнг байнга тооцох хэлбэр, арга барилыг боловсронгуй болгох;
б/гарын авлага, мэдээ, мэдээллээр тасралтгүй хангах, ажлын шинэлэг арга ажиллагааг харилцан судлуулах зэргээр сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, баг, хорооны иргэдийн Нийтийн хурал болон Хурлын Тэргүүлэгчдэд бодитой туслалцаа үзүүлж байх;
в/Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны тов, хэлэлцэх асуудлын жагсаалтыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт урьдчилан мэдэгдэж байх.
3. Энэ тогтоолын хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар жил бүр Засгийн газрын хуралдаанд танилцуулж байхыг Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ө.Энхтүвшинд үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч бөгөөд Гадаад хэргийн сайд Л.ЭРДЭНЭЧУЛУУН
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ө.ЭНХТҮВШИН
Текст томруулах
A
A
A
