A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

МЭРГЭЖЛИЙН УРЛАГИЙН ЗАРИМ БАЙГУУЛЛАГЫН БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1994 оны 5 дугаар сарын 25-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 98

Соёлын яамнаас оруулсан саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Мэргэжлийн урлагийн зарим байгууллагын боловсон хүчний нөөц бололцоо, материаллаг баазыг бүрэн дүүрэн ашиглах зорилгоор Дуурь, бүжгийн улсын академик театр, Улсын драмын академик театр, Балетын үндэсний театр, Цэргийн үндэсний жүжгийн театрыг 1994 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөр тасалбар болгон татан буулгаж, тэдгээрийн боловсон хүчин, материаллаг баазад түшиглүүлэн бүрэлдэхүүндээ Дуурийн болон балетын үндэсний хүрээлэн бүхий Сонгодог урлагийн академик театр, Үндэсний жүжгийн академик театрыг тус тус байгуулж Соёлын яамны харьяанд ажиллуулсугай. /Засгийн газрын 2002 оны 166 дугаар тогтоолоор хүчингүйд тооцсон/

2.Морин хуурын улсын чуулгыг 1994 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улсын филармонийн бүрэлдэхүүнд оруулж ажиллуулах нь зүйтэй гэж үзсүгэй.

3.Шинээр байгуулагдсан болон зохион байгуулалтын өөрчлөлт орж буй мэргэжлийн урлагийн байгууллагуудын зохион байгуулалтын бүтцийг тогтоон, тэдгээрийн орон тоо, дүрэм, зардлын төсвийн хязгаарыг хянан баталж мөрдүүлэхийг Соёлын сайд Н.Энхбаяр, Сангийн сайд Д.Даваасамбуу нарт үүрэг болгосугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Морин хуурын улсын чуулга байгуулах тухай" Монгол Улсын Засгийн газрын 1992 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 123 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Соёлын сайд Н.ЭНХБАЯР

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 59

Улаанбаатар хот

МОРИН ХУУРЫН УЛСЫН ЧУУЛГЫГ ӨРГӨТГӨХ, МОРИН ХУУРЫГ ЭРХЭМЛЭН ДЭЭДЭЛЖ, ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн "Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай" Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 09 дүгээр зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Улсын филармонийн "Морин хуурын чуулга"-ыг "Морин хуур найрал хөгжим" болгон өргөжүүлсүгэй.

2.Улсын филармонийн "Морин хуур найрал хөгжим"-ийн орон тоо, дүрэм, зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах арга хэмжээ авахыг Соёлын сайд Ч.Номинд даалгасугай.

3.Улсын филармонийн "Морин хуур найрал хөгжим" болгон өргөжүүлсэнтэй холбогдсон нэмэлт зардлыг 2024 оны батлагдсан төсөвт багтаан шийдвэрлэхийг Соёлын сайд Ч.Номинд үүрэг болгосугай.

4.Улсын филармонийн "Морин хуур найрал хөгжим"-ийн уран бүтээлчдийн хувцас, хөгжмийн зэмсгийг шинэчлэх зардалд шаардагдах 1,943,000,000.0 (нэг тэрбум есөн зуун дөчин гурван сая) төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Б.Жавхланд зөвшөөрсүгэй.

5."Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх талаар авах арга хэмжээ"-г хавсралт ёсоор баталсугай.

6.Энэ тогтоолын хэрэгжилтийг шуурхай зохион байгуулахыг Засгийн газрын холбогдох гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, арга хэмжээний хэрэгжилтийн явц, үр дүнг жил тутам Засгийн газрын хуралдаанд танилцуулж ажиллахыг Соёлын сайд Ч.Номинд тус тус даалгасугай.

7.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Мэргэжлийн урлагийн зарим байгууллагын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 1994 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 98 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН

СОЁЛЫН САЙД Ч.НОМИН