A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

МОНГОЛ ДААТГАЛ ХХК-ИЙН ТӨРИЙН ЭЗЭМШЛИЙН ХУВИЙГ ХУВЬЧЛАХ ТУХАЙ

2003 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 101

Төрийн өмчийг 2001-2004 онд хувьчлах үндсэн чиглэл, Төрийн өмчийг 2002 онд хувьчлах хөтөлбөрийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. "Монгол даатгал" ХХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг 100 хувь хувьчлах "Уралдаант шалгаруулалт (тендер)-ын зар мэдээ"-г 1 дүгээр, "Уралдаант шалгаруулалт (тендер)-ын журам"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай. .

2. "Монгол даатгал" ХХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг 100 хувь хувьчлах доод үнийг 1,200,000 (нэг сая хоёр зуун мянган) ам.доллараар тогтоосугай.

3. Төрийн өмчийн хороо (Л.ПҮРЭВДОРЖ)-нд даалгах нь:

а/"Монгол даатгал" ХХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг 100 хувь хувьчлах "Уралдаант шалгаруулалт (тендер)-ын зар мэдээ"-г дотоод, гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж сурталчилсугай;

б/"Монгол даатгал" ХХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг 100 хувь хувьчлах уралдаант шалгаруулалт (тендер)-ыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу зохион байгуулж явуулсугай;

в/"Монгол даатгал" ХХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг 100 хувь хувьчлах уралдаант шалгаруулалт (тендер)-д ялсан худалдан авагчтай энэхүү тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Уралдаант шалгаруулалт (тендер)-ын журам"-д заасан болзол, нөхцөлийн талаар харилцан тохиролцож, хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН