A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

МЯНГАНЫ ЗАМ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ

2000 оны 12 дугаар сарын 27-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 204

Монгол Улсын нийгэм-эдийн засгийг бүсчилэн хөгжүүлэх, хөрш зэргэлдээ болон бүс нутгийн орнуудтай авто замаар холбох, далайн гарцад хамгийн дөт замаар хoлбогдоход ирээдүйд ач холбогдолтой хэвтээ тэнхлэгийн гол замыг барьж байгуулахтай холбогдсон "Мянганы зам" төслийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Дэд бүтцийн яам, Улсын Их Хурлын ажлын хэсгийн хамтран боловсруулсан "Мянганы зам" төслийг сайшааж, авто замын сүлжээний хэвтээ тэнхлэгийн замыг Улаанбаатараас баруун чиглэлд Лүн-Баяннуур-Дашинчилэн-Батцэнгэл-Хануйн төмөр бетон гүүр-Тариат-Цахир-Идэр-Завханмандал-Дөргөн-Эрдэнэбүрэн-Толбо-Өлгий-Цагааннуур-Улаанбайшинт,Улаанбаатараас зүүн чиглэлд Багануур-Өндөрхаан-Сүмбэр чиглэлээр тогтоосугай.

2. Босоо тэнхлэгийн замуудын чиглэл, байршил, барих дарааллыг нийгэм-эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, эдийн засгийн бүсчилэлтэй холбогдуулан хэвтээ тэнхлэгийн замтай уялдуулан шийдвэрлэхийг Дэд бүтцийн сайд Б.Жигжидэд даалгасугай.

3. Монгол Улсын эдийн засгийн болон бүс нутгийн хөгжлийг хурдасгах, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалан хамгаалах, төв суурин руу тэмүүлсэн нүүдлийг зогсооход ач холбогдол бүхий "Мянганы зам" төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

4. Дэд бүтцийн сайд бөгөөд Үндэсний хорооны дарга Б.Жигжидэд даалгах нь:

а/"Мянганы зам" төслийг үе шаттайгаар хэрэгжүүлэхтэй холбогдсон техник-зохион байгуулалтын арга хэмжээний төлөвлөгөөг жил, таван жилээр боловсруулан хэрэгжүүлэх арга хэмжээ авсугай;

б/төслийн ач холбогдол, явцыг ард түмэнд хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн сурталчилж, тэдний зүгээс дэмжлэг, туслалцаа авах, уг төслийг хэрэгжүүлэхэд ажил эрхлээгүй иргэд, хугацаат цэрэг, хөнгөн ялтай хүмүүсийг өргөнөөр оролцуулсугай;

в/төслийг анх дэмжиж мөнгөн хандив өргөсөн ахмад тээвэрчин Д.Тэгшбуянтын санаачилгыг сайшааж, уг төслийг хэрэгжүүлэхэд иргэд, байгууллага, аж ахуйн нэгжээс хөрөнгө мөнгө, эд хөрөнгийн хандив өргөх санаачилгыг тухай бүр дэмжиж хандивын данс нээж ажиллуулсугай.

5. "Мянганы зам" төслийг хэрэгжүүлэхэд дотоодын хүч хөрөнгийг төвлөрүүлэн татан оролцуулах, гадаадын хандивлагч орон, санхүүгийн байгууллагуудын зээл, тусламжийг өргөн ашиглаж ажиллахыг Дэд бүтцийн сайд бөгөөд Үндэсний хорооны дарга Б.Жигжид, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуун нарт үүрэг болгосугай.

6. Шинэ мянганы их бүтээн байгуулалтын үйл хэрэг "Мянганы зам" төслийг хэрэгжүүлэх ажилд яам, орон нутгийнхаа хүч боломжийг дайчлан ашиглаж, бүх нийтийн үйл ажиллагаа болгон зохион байгуулахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Дэд бүтцийн сайд Б.ЖИГЖИД