- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ЦЭРГИЙН ҮҮРГИЙН БОЛОН ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧДЫН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ЦЭРГИЙН ҮҮРГИЙН БОЛОН ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧДЫН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1992 оны 6 дугаар сарын 26-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 105
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
(1, 2 дахь хэсгийг Засгийн газрын 1995 оны 1 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон.)
3.Офицер, ахлагчдыг өөр газарт шилжин томилогдох, тэтгэвэрт гарах, түүнчлэн анги байгууллага нь татан буугдах буюу орон тооны өөрчлөлт орсны улмаас болон биеийн эрүүл мэндээр цэргийн албанаас халагдах үед түүний гэр бүлийн 5 тонн хүртэлх эд хогшлын хамт оршин суух газарт нь хүргэх тээврийн хэрэгслийн анги, байгууллагаас гаргах буюу зардлыг автомашин, төмөр замын үнэлгээт хөлсөөр тооцон олгож байхаар тогтоосугай.
4.Офицер, ахлагчийг ээлжийн амралтаар өөрийн буюу эхнэр /нөхөр/-ийн төрсөн нутагт очиход нь ирэх, очих замын зардлыг автомашин, төмөр замын тарифаар, эсхүл нэг талын замын зардлыг онгоцны тарифаар тооцож 2 жилд нэг удаа олгож байсугай.
5.Офицер, ахлагчид байнга оршин суух газартаа амины орон сууц барихад нь Засгийн газрын 1990 оны 403 дугаар тогтоолд заасны дагуу материалын хөнгөлөлт үзүүлж байсугай.
6.Офицер, ахлагчийг байлдааны жижүүр хийх, харуул, манаанд гарах хугацаанд цэргийн нормын хоолоор үнэгүй хангаж байсугай.
7.Байлдагч, түрүүч нарыг хот, суурин газрын нийтийн тээврийн /таксинаас бусад/ хэрэгслээр зорчиход нь тээврийн хөлс авахгүй байхаас гадна захидлыг нь үнэгүй явуулж байхаар тогтоосугай.
8.Цэргийн жинхэнэ алба хааж байгаад нас барсан офицер, ахлагчийн оршуулгын зардалд 1500 төгрөг олгохоос гадна тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрхтэй гэр бүлд нас барагчийн нэг сарын цалин, тэтгэвэр авах эрхгүй гэр бүлд 2 сарын цалин олгож байсугай.
9.Энэ тогтоолын холбогдох заалтыг Улсын аюулгүй байдлыг хангах, цагдаагийн байгууллагын цэргийн цол, зэрэглэл бүхий ажилтнуудад хамааруулсугай.
Текст томруулах
A
A
A
