A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

МОНГОЛЫН БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ХОЛБООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ

1992 оны 03 дугаар сарын 13-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 46

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Аймаг, хот, сум, дүүргийн Ардын Хурлын гүйцэтгэх захиргаанд даалгах нь:

а/байгаль орчныг хамгаалах, баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх асуудлыг шийдвэрлэх, энэ ажлын үндсэн чиглэлийг боловсруулахдаа байгаль орчныг хамгаалах олон нийтийн байгууллагыг оролцуулан санал,зөвлөлгөөг нь харгалзан тусгаж байсугай;

б/байгаль орчныг хамгаалах ажилд тавих олон нийтийн хяналтыг хүчтэй болгох зорилгоор ард иргэдэд нутаглаж байгаа газар нутгийг нь харж хамгаалуулахаар хуваарилан хариуцуулах арга хэмжээг энэ оны 4 дүгээр сард багтаан авсугай.

2.Хүүхэд багачуудад экологийн мэдлэг,хүмүүжил олгох ажлыг сайжруулах зорилгоор Залуу байгальчдын төвийн материал-техникийн баазыг бэхжүүлэн сургалт, хүмүүжлийн ажлыг Монголын байгаль орчныг хамгаалах холбоотой хамтран зохион байгуулж байхыг Боловсролын яаманд даалгасугай.

3.Экологийн аялал жуулчлал хийлгэх, байгаль, ан амьтдыг сурталчилсан кино, дүрс бичлэг хийх, ил захидал, цомог, хуанли хэвлүүлэх, үзэсгэлэн гаргах, байгалийн нөөц баялгийг нөхөн сэргээх, өсгөн үржүүлэхтэй холбогдсон үйл ажиллагаа явуулах зэргээр үйлдвэрлэл, үйлчилгээ, аж ахуйн ажил эрхэлж олсон орлогоо зохих журмын дагуу зарцуулж байхыг Монголын байгаль орчныг хамгаалах холбоо,түүний төв, орон нутгийн байгууллагад зөвшөөрсүгэй.

4.Олон нийтийн хяналт, сурталчилгааны ажлыг сайжруулахад хөрөнгийн туслалцаа үзүүлж байх зорилгоор байгаль хамгаалах санг зарцуулах журмыг Монголын байгаль орчныг хамгаалах холбоотой тохиролцож баталж мөрдүүлэхийг Байгаль орчны хяналтын улсын хороо, Сангийн яаманд даалгасугай.