- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН МЯНГАНЫ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2006 оны 3 дугаар сарын 22-ны өдөр
Дугаар 53
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН МЯНГАНЫ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Улсын Их Хурлын 2005 оны 25 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээг хариуцан ажиллах байгууллагуудыг хавсралт ёсоор баталсугай. /хавсралтыг 2009 оны 113 дугаар тогтоолоор шинэчилэн баталсан/
2. Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтыг Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийн хүрээний мэдэгдэл болон салбарын шинээр боловсруулагдах үндсэн чиглэл, төсөл, хөтөлбөрүүдэд тусгаж, харилцан уялдуулах арга хэмжээ авахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгосугай.
3. Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэн 2015 онд хүрвэл зохих түвшинд хүргэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг дайчлах, санхүүгийн төлөвлөгөөг боловсруулж хэлэлцүүлэх, улмаар дотоодоос шаардагдах санхүүжилтийг жил бүрийн улсын төсвийн төсөлд тусгаж байхыг Сангийн сайд Н.Баяртсайханд үүрэг болгосугай.
4. Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон бодлогын арга хэмжээний төлөвлөлт, боловсруулалт, хэрэгжүүлэлт, хяналт-шинжилгээний үйл ажиллагааг энэхүү тогтоолын хавсралтад тусгагдсан ажил үүргийн хуваарийн дагуу нягт уялдаатай зохион байгуулж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд даалгасугай.
(Энэ зүйлийг 2009-04-15-ны өдрийн 113 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан)
5. Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нэгдсэн Үндэстний Байгууллага болон олон улсын банк, санхүүгийн байгууллагууд, хандивлагч орнуудтай хамтран ажиллаж, холбогдох тайлан, мэдээг тухай бүрт гарган өгч ажиллах, эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд дутагдаж байгаа санхүүгийн эх үүсвэрийг тооцон олон улсын банк, санхүүгийн байгууллага, хандивлагч орнуудын буцалтгүй тусламж, техникийн туслалцаатайгаар шийдвэрлэх чиглэлээр ажиллахыг Сангийн сайд Н.Баяртсайхан, Гадаад хэргийн сайд Н.Энхболд болон холбогдох бусад сайд нарт үүрэг болгосугай.
6. Улсын Их Хурлаас өгсөн үүргийн дагуу Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилтийн явц байдлын тайланг 2007 оноос эхлэн хоёр жил тутамд нэг удаа бэлтгэн гаргаж, тухайн жилийн 8 дугаар сард багтаан Засгийн газарт танилцуулан Улсын Их Хуралд тайлагнаж байхыг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо (Ч.Хашчулуун)-нд үүрэг болгосугай.
(Энэ зүйлийг 2009-04-15-ны өдрийн 113 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан)
7. Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх явцад төрийн бус байгууллага, иргэдийг өргөнөөр татан оролцуулах, тэдэнд сурталчлан таниулах, тодорхой зорилтыг хэрэгжүүлэх асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулах зэргээр олон нийттэй харьцах үйл ажиллагааг зохион байгуулж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Батболд, Гадаад хэргийн сайд Н.Энхболд, Сангийн сайд Н.Баяртсайхан, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Л.Одончимэд нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД
Сангийн сайд Н.БАЯРТСАЙХАН
Текст томруулах
A
A
A
