A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Н.ЭНХБАЯРЫН ЗАСГИЙН ГАЗАРТ ӨГСӨН ЧИГЛЭЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХТЭЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Н.ЭНХБАЯРЫН ЗАСГИЙН ГАЗАРТ ӨГСӨН ЧИГЛЭЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХТЭЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2007 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 27

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, түүний үр шимийг иргэддээ хүртээх, улс орны хөгжлийг түргэтгэх зарим асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяраас өгсөн чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.1, 9.1.2, 9.1.5, 9.1.6, 9.1.8 дахь заалт, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5.3 хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Улсын төсвийн болон хувийн хөрөнгөөр геологи, хайгуулын ажил хийж, нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг улс орны эрх ашигт нийцүүлэн тогтоох талаар тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй хэлэлцээр хийх саналын хувилбаруудыг боловсруулж Засгийн газарт оруулахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Батболд, Сангийн сайд Н.Баяртсайхан, Үйлдвэр, худалдааны сайд Б.Жаргалсайхан нарт тус тус даалгасугай.

2. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу ураны ордод төрийн хяналтыг олон улсын нийтлэг жишгийн дагуу тогтоож, оновчтой хэлбэрээр ашиглах талаар гадаад улсын төрийн байгууллага, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн төрийн өмчийн компаниудтай гэрээ, хэлэлцээр хийх санал боловсруулж танилцуулахыг Сангийн сайд Н.Баяртсайхан, Үйлдвэр, худалдааны сайд Б.Жаргалсайхан, Цөмийн энергийн комисс (С.ЭНХБАТ)-т даалгасугай.

3. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглах үеийн төрийн оролцоог төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компаниар дамжуулан хэрэгжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулснаар төрд ногдох ашгийг эрдэнэсийн сан байгуулан төвлөрүүлж, тодорхой хэсгийг иргэдэд "Эх орны хишиг" хэмээн хүртээх арга хэлбэр, холбогдох хууль тогтоомж, журмын төсөл боловсруулан Засгийн газарт оруулахыг Сангийн сайд Н.Баяртсайхан, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Л.Одончимэд, Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.Одбаяр, Төрийн өмчийн хороо (Д.СУГАР)-нд даалгасугай.

4. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахад шаардагдах хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор найдвартай түнш, хөрөнгө оруулагчидтай ил тод, шударга, нээлттэй, харилцан ашигтай хамтран ажиллаж олон улсын жишгийн дагуу хувьцаа гаргах, үнэт цаас, урьдчилсан төлбөр хийлгэх зэрэг арга хэлбэрийг ашиглах талаар Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банк, Хөрөнгийн биржтэй хамтран тодорхой санал боловсруулахыг Сангийн сайд Н.Баяртсайхан, Үйлдвэр, худалдааны сайд Б.Жаргалсайхан нарт даалгасугай.

5. Томоохон орд газруудыг ашиглахтай холбогдуулан ус, дулаан, цахилгааны хангамж, авто болон төмөр зам, харилцаа холбоо зэрэг дэд бүтцийг байгуулах оновчтой шийдлийг гаргаж энэ оны 3 дугаар сарын 31-ний дотор Засгийн газарт танилцуулахыг Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Ц.Цэнгэл, Түлш, эрчим хүчний сайд Б.Эрдэнэбат нарт даалгасугай.

6. Томоохон орд газруудыг ашиглах явцад байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаар нарийвчилсан үнэлгээ хийж дүгнэлтийг Засгийн газарт танилцуулахыг Байгаль орчны сайд И.Эрдэнэбаатарт даалгасугай.

7. Засгийн газраас боловсруулсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын баримт бичигт эрдэмтэн судлаачдаас ирүүлсэн саналыг тусган эцсийн хувилбарыг боловсруулан энэ оны 3 дугаар сарын 1-ний дотор Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барихыг Шадар сайд М.Энхсайханд үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Монгол Улсын Шадар сайд Үйлдвэр, худалдааны сайд
М.ЭНХБОЛД М.ЭНХСАЙХАН Б.ЖАРГАЛСАЙХАН