- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МОНГОЛ ТӨРИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙ БАЙГУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2009 оны 2 дугаар сарын 4-ний өдөр
Дугаар 30
Улаанбаатар хот
МОНГОЛ ТӨРИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙ БАЙГУУЛАХ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 22 дугаар зүйл, Шинжлэх ухаан, технологийн хуулийн 11.2.4 дэх заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Чингис хааны дурсгалын хөшөө, төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолбор"-ыг ашиглалтад хүлээн авсантай холбогдуулан түүний үндсэн хэсэг болох Монгол төрийн түүхийн музейг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяанд байгуулан үйлчилгээг нь "Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газар" төрийн өмчит үйлдвэрийн газраар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхийг зөвшөөрсүгэй.
/Энэ заалтад ЗГ-ын 2012-08-25-ны өдрийн 3, ЗГ-ын 2014-10-11-ний өдрийн 324-р тогтоолоор өөрчлөлт орсон/
2. Монгол төрийн түүхийн музейн орон тооны дээд хязгаарыг баталж, музейн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган, хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт үүрэг болгосугай. /Энэ заалтыг ЗГ-ын 2012-08-25-ны 3-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
3. Монгол төрийн түүхийн музейн ашиглалтын үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг Төр, засгийн Үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газартай 2009 онд гэрээний үндсэн дээр, 2010 оноос эхлэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын төсвийн багцад тусган шийдвэрлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Сангийн сайд С.Баярцогт нарт үүрэг болгосугай.
4. "Чингис хааны дурсгалын хөшөө, төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолбор"-ын нэг хэсэг болох Төрийн түүхийн музейн харуул, хамгаалалтыг батлагдсан төсөвтөө багтаан зохион байгуулах арга хэмжээ авахыг Тагнуулын ерөнхий газрын дарга Р.Болдод даалгасугай.
5. Монгол төрийн түүхийн музей байгуулагдсантай холбогдуулан Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний дүрэм, журамд зохих нэмэлт өөрчлөлт оруулах арга хэмжээ авахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Долгорт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР Сангийн сайд С.БАЯРЦОГТ
Боловсрол,соёл,шинжлэх ухааны сайд Ё.ОТГОНБАЯР

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр
Дугаар 336
Улаанбаатар хот
МУЗЕЙ НЭГТГЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ
Иргэний хуулийн 31.3 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 10.1.10-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол төрийн түүхийн музейн үйл ажиллагааг 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн зогсоож, "Чингис хаан" музейд нэгтгэсүгэй.
2. Монгол төрийн түүхийн музейн эд хөрөнгө, үзмэр, сан хөмрөг, эд өлгийн зүйлийг "Чингис хаан" музейд балансаас балансад шилжүүлэх арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулахыг Соёлын сайд Ч.Номин, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл) нарт даалгасугай.
3. Үйл ажиллагааг нь нэгтгэж байгаатай холбогдуулан Монгол төрийн түүхийн музейд одоо ажиллаж байгаа 18 албан хаагчийг зохих журмын дагуу "Чингис хаан" музейд шилжүүлэн байршуулах арга хэмжээ авахыг Соёлын сайд Ч.Номинд даалгасугай.
4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 87 дугаар тогтоолын 1 дэх заалтын "Монгол төрийн түүхийн музейн үйл ажиллагааг улсын төсвөөс санхүүжүүлэх арга хэмжээ авч" гэснийг, 2 дахь заалтын "Монголын төрийн түүхийн музейн орон тооны хязгаарыг 18" гэснийг, 3 дахь заалтын "Монголын төрийн түүхийн музейг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт тус тус" гэснийг, "Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборыг нээлттэй болгох тухай" Засгийн газрын 2012 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 3 дугаар тогтоолын 1, 4 дэх заалтын "Монгол төрийн түүхийн музейг" гэснийг тус тус хасч, мөн тогтоолын 2, 7, 8 дахь заалт, "Монгол төрийн түүхийн музей байгуулах тухай" Засгийн газрын 2009 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 30 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Соёлын сайд Ч.НОМИН
Текст томруулах
A
A
A
