A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр

Дугаар 326

Улаанбаатар хот

МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Мэргэжлийн боловсрол, сургалтын талаар дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт даалгасугай:

1.1. Мэргэжлийн боловсрол, сургалтыг хөгжүүлэх стратегийг тодорхойлж, чадамжид суурилсан тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн "Мэргэжлийн боловсрол, сургалтыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө"-г 2012 оны II улиралд багтаан боловсруулж батлах.

1.2. 2012-2013 оны хичээлийн жилээс эхлэн мэргэжлийн боловсрол, сургалтын багш бэлтгэх, мэргэшүүлэх, давтан сургаж чадваржуулахад чиглэсэн дэс дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх.

1.3. Мэргэжлийн боловсрол, сургалтын үйл ажиллагаанд ажил олгогчийн оролцоо, хариуцлагыг өндөржүүлэн, хөрөнгө, хүний нөөцийг үр ашигтай зохицуулах зорилгоор яам хоорондын хамтын ажиллагааны гэрээ байгуулан 2 жил тутам дүгнэж ажиллах.

2. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын хичээлийн болон дотуур байр, дадлагын газрыг өргөтгөх, дадлагын сургалтын бааз, лабораторийн техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх чиглэлээр хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, мэргэжлийн өөрийн өртөг, сургалтын стандартад суурилсан төсвийн тогтолцоог нэвтрүүлэх асуудлыг судалж шийдвэрлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Сангийн сайд С.Баярцогт нарт үүрэг болгосугай.

3. "Оюутолгой", "Тавантолгой" зэрэг томоохон бүтээн байгуулалтын хөтөлбөр, төслийн хүрээнд мэргэжилтэй ажилтан бэлтгэх, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг төгсөгчдийг ажлын байраар хангах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгжтэй зөвшилцсөний үндсэн дээр нэгдсэн төлөвлөгөө гаргаж үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга нарт даалгасугай.

4. Цэргийн алба хааж байгаа иргэдэд зохих түвшний мэргэжлийн чадамж эзэмшүүлэн гэрчилгээ олгох, тэднийг ажлын байранд зуучлах арга хэмжээг Батлан хамгаалах яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамтай хамтран авч хэрэгжүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Боловсрол,соёл,шинжлэх ухааны сайд Ё.ОТГОНБАЯР