A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХ ТУХАЙ /Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болж хөдөлмөрийн чадвараа алдсан/
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

2001 оны 7 дугаар сарын 4-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 146

НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХ ТУХАЙ /Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болж хөдөлмөрийн чадвараа алдсан/

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн уурхай, зарим үйлдвэр, аж ахуйн газарт ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болж хөдөлмөрийн чадвараа алдсан боловч 1995 оноос хойш нөхөн төлбөрөө авч чадаагүй байгаа иргэдэд хөдөлмөрийн чадвараа алдахын өмнө авч байсан дундаж цалингаас тэдний мэргэжлийн хөдөлмөрийн чадвар алдалтын хэмжээнд ногдох хувь, ажилласан жилийг харгалзан нэг удаа нөхөн төлбөр олгохыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.Батбаяр, Дэд бүтцийн сайд Б.Жигжид нарт даалгасугай.

2. Дэд бүтцийн яам, Үйлдвэр худалдааны яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас гарсан хамтарсан ажлын хэсгийн судалгаанд заасан нэр бүхий иргэдэд олгох нөхөн төлбөрт шаардагдах 243700000 /хоёр зуун дөчин гурван сая долоон зуун мянган/ төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй.

3. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болж хөдөлмөрийн чадвараа алдсан, 1991 оны Хөдөлмөрийн хуулийн дагуу нөхөн төлбөр авч байсан бөгөөд өөрсдийн буруу биш шалтгаанаар харьяалах байгууллагагүй болсон, энэ тогтоолын нэгдүгээр зүйлд хамрагдаагүй иргэнд олгох нөхөн төлбөрийг "Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, хэсгийг тайлбарлах тухай" Улсын Дээд шүүхийн 2000 оны 259 дүгээр тогтоолын 28-д заасныг баримтлан нэг удаа нөхөн олговор олгох асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авахыг Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзориг, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.Батбаяр, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан нарт үүрэг болгосугай.

4. Налайх дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хайгуулын болон ашиглалтын лицензи эзэмшигчдийн Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хүлээсэн үүргийн биелэлт хангалтгүй байгааг хянан шалгаж, олон хүний амь нас үрэгдэж болзошгүй аваарь, осол, сүйрлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, түүнд хяналт тавьж ажиллахыг Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзориг, Дэд бүтцийн сайд Б.Жигжид, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч М.Энхболд нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Үйлдвэр, худалдааны сайд бөгөөд Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ч.ГАНЗОРИГ

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН