- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙГ ШИНЭЧЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙГ ШИНЭЧЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТУХАЙ
1997 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 192
Монгол улсын Нягтлан бодох бүртгэлийн хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйл, Улсын Их Хурлын 1996 оны 61 дүгээр тогтоолоор батлагдсан "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн заалтыг үндэслэн Монгол улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Сангийн сайд П.Цагаанд даалгах нь:
а/Олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартыг 1997 онд, Аудитын стандартыг 1998 онд орчуулан хэвлүүлж сурталчлах, ашгийн төлөө ба ашгийн төлөө бус байгууллагын нягтлан бодох бүртгэлийг олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартад нийцүүлэн шинэчлэх ажлыг 1998 онд багтаан дуусгах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласугай;
б/Засгийн газрын байгууллагын нягтлан бодох бүртгэлийг шинэчлэхэд гадаадын зээл, тусламжийг оновчтой ашиглах,бүртгэлийн зарим мэргэжилтнүүдийг гадаадад туршлага судлуулан, ажлын үр дүнг тооцож байсугай;
в/Үндэсний татварын ерөнхий газартай хамтран ашгийн төлөө байгууллагын санхүүгийн тайлан тэнцэл, татварын тайлангийн хоорондын уялдаа холбоог зохицуулсан заавар, аргачлалыг боловсруулан 1997 оны 10 дугаар сард батлан гаргаж, холбогдох байгууллагуудад хүргүүлж мөрдүүлсүгэй;
г/Аудитын тухай хуулийг хэрэгжүүлэх дүрэм, журмыг боловсруулж мөрдүүлэхийн хамт аудитор ёс зүйн дүрмийг сахиж байгаа болон аудитын байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтыг мэдэгдэхүйц сайжруулах ажил зохион байгуулсугай;
д/төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, төсөвт байгууллагуудад Олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартыг нэвтрүүлэх ажилд үр бүтээлтэй ажилласан захирал /дарга/, нягтлан бодогч нарыг шалгаруулан шагнаж урамшуулах журам боловсруулж энэ оны 4 дүгээр улиралд батлан гаргаж мөрдүүлсүгэй.
2.Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, Төрийн өмчийн хорооны дарга, бүх шатны Засаг дарга нарт ДААЛГАХ нь:
а/нийслэл, орон нутгийн аж ахуйн нэгж, төсөвт байгууллагуудыг мэдлэг чадвартай мэргэжлийн нягтлан бодогчоор хангаж тэднийг тогтвор суурьшилтай ажиллуулсугай;
б/төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, төсөвт байгууллагад ерөнхий болон ерөнхий эрхтэй ахлах нягтлан бодогчийг ажилд томилохдоо аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтсээс мэргэшлийн талаар дүгнэлт гаргуулан авдаг журам тогтоосугай;
в/тухайн байгууллагын нягтлан бодох бүртгэлийн хөтлөлтөд олон улсын стандартыг нэвтрүүлж, сар, улирал, жилийн санхүүгийн тайланг хугацаанд нь үнэн зөв гаргасан эсэхийг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагын ажил дүгнэх гол үзүүлэлт болгосугай;
г/нягтлан бодох бүртгэлийг олон улсын стандартаар хөтлөөгүй,түүнд хайнга хандсан аж ахуйн нэгж, байгууллагын дарга, нягтлан бодогч нарт зохих хуулийн дагуу арга хэмжээ авч байсугай.
3.Улсын хэмжээнд бүртгэл тайлан, тооцооны ажлыг зах зээлийн эдийн засгийн тогтолцооны шаардлагыг хангахуйцаар зохион байгуулах, түүнд тавих хяналтыг сайжруулах зорилгоор аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэнд улсын байцаагчийн эрх олгосугай.
4.Нягтлан бодох бүртгэлийн багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, нягтлан бодогчдыг түргэвчлэн сургах зорилгоор мэргэжлийн сургуулиудын хооронд тендер зарлаж нягтлан бодогчдын мэргэжил дээшлүүлэх ажлыг тодорхой төлөвлөгөө, графикийн дагуу жил бүр зохион байгуулж байхыг Сангийн сайд П.Цагаан, Гэгээрлийн сайд Ч.Лхагважав нарт даалгасугай.
5.Олон улсын стандартын дагуу нягтлан бодох бүртгэлийн судлах зүйлийн жагсаалтыг урьдчилан бэлтгэж хүргүүлсний үндсэн дээр аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтэс, Татвар болон Санхүүгийн хяналт шалгалтын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, улсын байцаагч нарын бүртгэлийн мэдлэгийн түвшин тогтоох шалгалтыг 1998 оны 3 дугаар улиралд багтаан явуулж,дүнг Засгийн газарт танилцуулахыг Сангийн сайд П.Цагаан, Үндэсний татварын ерөнхий газрын дарга Ж.Баасандаш нарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН
Сангийн сайд П.ЦАГААН
Текст томруулах
A
A
A
